Эхний гурван сард
-хоолны дуршил өөрчлөгдөнө, дотор муухайрна, өглөөгүүр бөөлжинө, сэтгэл санаа өөрчлөгдөнө, амархан баярлана, гомдоно, уйламтгай уярамтгай болно, гашуун нясуун эсгэлэн зүйлд дуртай болно, жин хасна, зарим нь хоолны дуршилгүй болно.
Энэ үед нөхрүүд яах вэ?
-сэтгэл санааг нь дэмжиж байнга хамт хөгжилдөнө, уурлуулахгүй уцаарлуулахгүй, хамт гашуун нясуун хоол идэж, хоолны дуршил өөрчлөлтөө нэгтгэж, онигоо ярьж, олон янзын амттанг өөрийн бие дээр туршина.
Хоёр дахь гурван сард
-хоолны дуршил сайжирна, жин нэмэгдэнэ, гэдэс, хөх томроно, сэтгэл санаа тогтворжиж, жирэмслэлтэнд дасан зохицож эхэлнэ, гоо сайхнаа алдаж гэдэс нь томорч жин нэмэгдэж байгаад бага зэрэг хямрах боловч хүүхдийн хөдөлгөөнөө мэдэрснээр биедээ өсч байгаа бүхэл бүтэн амьд ертөнцөд өөрийгөө зориулж сэтгэл санаа нь бэлтгэгдэнэ.
Энэ үед нөхрүүд яах вэ?
-хамт хооллож, агаар салхинд гарч, сайхан дуу хөгжим сонсож, кино жүжиг үзэж, хобби дуршлыг нь дэмжиж, өөрийгөө ч аав болоход бэлдэнэ.
Гурав дахь гурван сард
-жин эрс нэмэгдэж, гэдэс цондойж, аарцаг умдагаар өвдөж, ууц нуруу хөшиж, нойр өөрчлөгдөж, арьс харлаж, гэдэс язарч, хөхнөөс уураг гарч, зарим эмэгтэй хавагнаж, даралт ихэсч магад, хувцас таарахгүй, хөдлөхөд тээртэй болж сэтгэл санаа ч цухалдана.
Энэ үед нөхрүүд яах вэ?
-Үзлэг хяналтанд нь байнга хамт явж, хамт гарах бол гутал хувцасыг нь өмсгөж, сэтгэл санааг нь дэмжиж, хамт агаарт гарч, ажил төрлөөсөө оройтохгүй ирж, үргэлж хамт байж төрөлтөнд бие сэтгэлээрээ хамт бэлтгэгдэнэ. Биеээрээ гэдэг нь төрөлтийн тухай мэдээ мэдээлэл уншиж анхан шатны мэдлэгтэй болж нөхөрсөгөөр илэн далангүй зааж хамт суралцана. Сэтгэлээр дэмжинэ гэдэг нь чихэн дээр нь сарнай ургуулахыг хэлж байна.
Гурав гурван сарыг бие сэтгэл хамтдаа туулбал үр хүүхдийн жаргал эдлэх бат суурь тавигдана.