Нидерланд улсын эрх баригчид арьсны хорт хавдрын эсрэг тэмцэхийн тулд энэ зун нарны тосыг ард иргэддээ үнэ төлбөргүй түгээх ажлыг эхлүүлэхээр болжээ. Ингэхдээ сургууль, их сургуулиуд, цэцэрлэгт хүрээлэнгүүд, спорт заалууд, олон нийтийн талбай, арга хэмжээ, фестивалиуд дээр нарны тосыг үнэ төлбөргүй тараан байршуулах юм байна.
Ингэснээр тус улсын иргэн бүр нарны хорт туяанаас арьсаа хамгаалж, арьсны хорт хавдрын өвчлөлийг бууруулахад тусална гэж Засгийн газар үзжээ. Мөн иргэдэд тогтмол нарны тос хэрэглэх зуршил тогтооно гэжээ. Өмнө нь Австрали улсад иргэдийг тогтмол нарны тос хэрэглэдэг болгохын тулд ийм төрлийн компанит ажил зохион байгуулж байжээ.
Нидерланд улсад сүүлийн жилүүдэд арьсны хорт хавдрын тохиолдол огцом нэмэгдэх болсон байна. Тиймээс нарнаас хамгаалах тос нь уг өвчнөөс иргэдийг хамгаалах, хүүхдүүдэд бага наснаасаа эхлэн өөрийгөө хамгаалж сурах дадлыг суулгах үр дүнтэй арга ажээ. Нидерландаас гадна Европ даяар сүүлийн 20 жилийн хугацаанд арьсны хорт хавдрын тохиолдол тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Герман улсад л гэхэд тус өвчнөөр нас барьсан тохиолдол 2001 оноос 2021 оныг хүртэл хугацаанд 55 хувиар өсчээ.