Антибиотик нь төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг, нянгын өсөлтийг сааруулж, устгах үйлдэл бүхий эмийн бэлдмэл юм. Тус эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2-2.5 жил амьдарч, 50-80 хувь нь нас барж байсан бол харин өнөө цагт 85-90 хувь нь бүрэн эдгэрэх боломжтой болсон. Мөн антибиотик нь уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүсдэг өвчнийг эдгээж, дэлхийн олон сая хүнд амьдрах боломж олгоод буй. Харин антибиотикийг нээснээс хойш ердөө дөрвөн жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон бөгөөд 1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикийг нээгээгүй хэвээр байна.
- Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед хэрэглэнэ.
- Хэрэглэхдээ эмчийн заавраар мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно
- Зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтын үед хэрэглэх шаардлагагүй.
Эмийн зохист хэрэглээ
Дэлхийн ихэнх улс оронд антибиотикийг эмчийн жорын дагуу тун болгоомжтой хэрэглэх нь бий. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар бүхий нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэрэгсэл юм. Харин манай улсын тухайд антибиотикийн хэрэглээ өндөртэй орны тоонд зүй ёсоор тооцогддог. Хүн ам нь өөрсдөө дур мэдэн эм, хүчтэй антибиотик ихээр хэрэглэх, дуслын шингэн болон олны дунд нэрд гарч байгаа эмийг бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол их байгаа нь зохисгүй хэрэглээ болдог. Манай улсын антибиотикийн хэрэглээ дунджаар 33.1 хувьтай байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн импортоор орж ирж буй эм, эмийн бүтээгдэхүүн дотроос антибиотикийн эзлэх хувь дэлхийн дунджаас 14.7 хувиар дээгүүр байна.
Хор нөлөө
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна. Антибиотикийг эмчийн хяналтад хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй. Түүнчлэн заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовуурь арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална. Үүнд:
- Жорын дагуух эм, эмийн бүтээгдэхүүнийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт тогтоосон хугацаанд гүйцэд ууж хэрэглэх
- Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлж хэрэглэх
- Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх хэрэгтэй
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эмэгтэйчүүд маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх нь чухал юм.
Антибиотикийн дасал
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос болж дасал болдог. Нэг үгээр хэлбэл нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрдэг гэсэн үг юм. Эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.