Нянгийн эсрэг сонгомол нөлөөтэй биологийн гаралтай бүлэг нэгдлийг антибиотик гэдэг. Анхны антибиотик пенициллинийг 1943 онд нээсэн. Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2-2,5 жил амьдарч, 50-80 хувь нь нас барж байсан бол одоо 85-90 хувь нь эдгэрч байна.
Түүнчлэн уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүсдэг өвчнийг эдгээж сая сая хүний амьдралыг уртасгажээ.
Гэвч антибиотикийг нээснээс хойш ердөө 4 жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон бөгөөд 1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикийг нээж чадаагүй байна.
Хамгийн сүүлд нээгдсэн антибиотикт аль хэдийн дасал үүсчихсэн. Иймд антибиотикийг хариуцлагатай хэрэглэх шаардлага дэлхий нийтийн өмнө тулгамдаад байна.
Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
- Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед л хэрэглэнэ.
- Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно
- Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй.
Антибиотикийн эмийн зохистой хэрэглээ
Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33,1% байгаа нь харьцангуй өндөр, импортолж байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дундажаас 14,7%-иар дээгүүр байна.
Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судлаачдын дүн харуулж байна.
Хор нөлөө
- Эмчилгээний үр дүн муудах
- Эмийн гаж нөлөө ихсэх
- Эмэнд дасал болох
- Ижил найрлагатай эм хэрэглэх, тун хэтэрч хордох
- Эмчилгээний зардал ихсэх
- Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлөх
- Өвчтөнд өвчин ба эмчилгээ, эмийн зөв хэрэглээний талаар тодорхой тайлбарлаагүйгээс бичсэн эмийг хэрэглэхгүй байх эсвэл буруу хэрэглэснээс эмчилгээний үр дүн буурах
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална
- Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
- Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
- Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
- Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
- Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
- Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
Антибиотикийн дасал
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.
Хор уршиг
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг эмчийн хяналтад хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийг хэрэглэхдээ анхаарах зүйлс:
- Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй
- Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх
- Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал: тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
Антибиотикийг заавал жороор хэрэглэх шалтгаан
- Тухайн нэг антибиотик зөвхөн тодорхой нэр төрлийн нянд үйлчлэх чадвартай.
- Таны туссан өвчний шалтгааныг тодруулсанаар онош тавьж, оношинд тохирсон эмчилгээ хийнэ.
- Эмч болон эм зүйчтэй холбоотой алдаанаас болж таны эрүүл мэнд хохирсон тохиолдолд таныг өмгөөлөх баримт бичиг нь жор юм.