Монгол залуучуудын орон гэдэг ч үнэндээ эсрэгээрээ болжээ. Ид хийж бүтээх, хөдөлмөрлөх насан дээрээ залуус хорвоогийн мөнх бусыг орхисоор байна. “Залуу хүн эрүүл, өвддөггүй” гэх ойлголт нэгэнт ард хоцорч өнөөдөр дөнгөж 15 настай хүүхэд зүрхний эмгэг, шигдээсээр шаналж, 20 настай залуу цус харваж эмнэлгийн орон дээр амь тэмцэж буй дүр зураг аль ч эмнэлэгт байна. “Юун зуны шөнийн нойрыг тоолгүй зуун гурван учралыг мөрөөдөх” залуу нас.
ШҮДНИЙ ЦООРОЛ, ХЭРХ ӨВЧНӨӨС БОЛЖ 0-15 НАСНЫХАН ЗҮРХ НЬ ӨВДӨЖ БАЙНА
Улсын томоохон эмнэлгүүдийн нэг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлалын тасгийн хамгийн залуухан өвчтөн 15 настай. Тус тасгийн эмч Л.Бямбасүрэн ярихдаа “Зүрх судасны өвчин залуужсан. Манай эмнэлэгт 15-90 хүртэл насныхан эмчилгээ, үйлчилгээ авч байна. Яагаад 15 настай хүүхэд зүрх судасны өвчнөөр өвдөж байна вэ? гэхээр хүн амын дийлэнх нь хэрх төст өвчинтэй, шүдний цоорол, хоолойны ангеныг удаан хугацаанд эмчлүүлээгүйгээс зүрхний хавхлаг гэмтдэг. Тиймээс өсвөр насны хүүхдүүд хэрх өвчнөөр өвдсөнийхөө дараа эмнэлгээр ирж байна. Ерөнхийдөө хэрх төст өвчнөөр 0-15 насны хүүхдүүд илүү өвдөж амны ариун цэвэр сахихгүйгээс зүрхний хавхлагууд гэмтэж байна. Энэ улмаар насанд хүрсэн хойно оношлогддог. Хүндэрсэн шатанд хяналтад орно, бүр хүндэрсэн үед хавхлаг солих хүртэл мэс засалд орно” гэж байлаа. Мөн адил цахим орчинд 15-17 настай өсвөр үеийнхэн зүрх судасны өвчнөөр шаналж байгаагаа нийтэлж шигдээс болохын наагуур, эцэг эхээсээ нууж бусдаас зөвлөгөө, эмчилгээ эрэлхийлэх болсон нь наад захын группээр ороход л харж болохоор.
НАС БАРСАН ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС БОЛЖ БАЙНА
Нөгөөтэйгүүр, дөнгөж амьдралд хөлөө олж яваа 20-40 насныхан дунд элэг бүтэн гэр бүл бараг үлдэхгүй нь. Зарим нь гэр бүл зохиож амжилгүй, эсвэл гэр бүлтэй ч үр хүүхдийнхээ өсч торнихыг харахгүй салах ёс ч хийж чадалгүй зуурдаар хорвоог орхиж байна.
Өдөр бүр бид хайртай дотнын хүнээ алдаж, таагүй гашуун мэдээ сонсч, цахим орчинд маань хөвөрсөөр. Ихэнх нь л зүрхний шигдээс, тархины цус харвалт.
Эргэн тойронд,
“Найз маань дөнгөж 37 настай. Эхнэр хүүхдээ албанд нь хүргэж өгөх замдаа л зүрхний инфаркт болжээ. Эмнэлгийн тусламж авч чадаагүй гэсэн. Зүгээр л урьдын адил өглөө нь эрүүл саруул юм шиг сэрсэн шүү дээ. Жолоо барьж байгаад л шон мөргөөд ухаан алдсан юм билээ”.
Мөн л “Дөнгөж 30 настай ажлын маань бүсгүй орой нь унтаад өглөө нь сэрсэнгүй. Зүрхний шигдээс болсон гэсэн, үүрээр ээж ээ гэж аяархан дуудах шиг сонстсон тухай ээж нь хэлж байна. Даанч хайран залуу. Урд өдөр нь зүгээр л инээгээд явж байсан даа” гэх зэрэг яриа та бидний хүрээлэлд сонстох болсон.
Статистик мэдээллээс харвал, нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчнөөр, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай. Манай улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгаан зүрх судасны өвчлөл, хорт хавдар болсныг Үндэсний статистикийн хорооны гаргасан 2021 оны эрүүл мэндийн статистикт дурджээ.
Тоон баримт сөхвөл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2011-2021 оны хооронд хүн амын нас баралт 16.4 хувиар өсчээ. 2021 онд 19.9 мянган хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь 2011 оноос 2.8 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн өмнөх оноос дөрвөн мянга буюу 25.2 хувиар өссөн дүн.
Уг өсөлтөд Covid-19 халдвараас гадна зүрх судасны болон амьсгалын тогтолцооны өвчний нас баралт өссөн нь голлон нөлөөлсныг судалгаанд дурдсан нь анхаарал татаж буй.
Зүрхний инфаркт буюу шигдээсээр өвчлөх хүмүүсийн дийлэнх нь 20-45 хүртэл насныхан болсныг Л.Бямбасүрэн эмч ярихдаа “Завгүй амьдралын хэв маягаас болж зүрх судасны өвчлөлөөр өвдөж буй хүмүүс маш их залуужиж байна. Залуус ажил, хувийн амьдралынхаа цаг, ачааллыг тэнцвэржүүлж чадахгүй байна. Ажлын хэт их ачаалал, олон цагаар ажиллах, дутуу нойр, түргэн хоол, давсны хэрэглээ өвчлөл үүсэх шалтгаан болж байна. Дээр нь төрөлхийн зүрхний эмгэг, цоорхойтой гэдгээ мэдэхгүй, үүн дээр тамхи татах, нэмэлт энержи дринк зэрэг бүтээгдэхүүн хэрэглэснээс болж өвчин үүсгэж байна. Ялангуяа 20-45 насныхан маш их тамхи татаж байна. Энэ нь маш муу ” гэсэн юм.
ЦАГ НАРГҮЙ АЖИЛ, ТҮРГЭН ХООЛООР ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОЛЬЖ БАЙНА
Нэг үгээр хэлбэл, ажлын хэт их ачаалал, түргэн хоол, хорт зуршил залуусын залуу насыг аль хэдийнэ хулгайлжээ. Харамсалтай нь залуус зүрхний эмгэг, шигдээс, цус харвалт болсныг ч мэдэхгүй, аль эсвэл тоолгүй хүндэрсэн хойно нь эмнэлэг барааддаг аж. Энэ талаар тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “Хүүхэд, залуус би залуу хүн учраас багахан л ядарсан байх, өвдөхгүй гэсэн хандлагатай байдаг.
Зарим хүн зүрхний төрөлхийн гажиг, цоорхойтой гэдгээ мэдэхгүй сүүлд нь оношлогдох тохиолдлууд ч байдаг.
Эмэгтэйчүүд хэрх, зүрхний эмгэгтэй гэдгээ жирэмслэх үедээ мэддэг. Эрчүүдийн тухайд 20 настай залуу гэнэт л даралт нь ихэссэн үед зүрхний эмгэгтэй болсноо мэдэж байна Мэдээж олон шалтгаан нөлөөлж байгаа.” гэж байлаа. Зүрхний эмгэг шигдээс болох үед алхах, бага зэргийн ачаалал авах үед хоолой бачуурах, цээжээр хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг аж.
Түүнтэй ярилцаж байхад өрөөнийх нь хананд алхах ач холбогдол, амьдралын хэв маягийг хэрхэн өөрчлөх тухай зөвлөгөө мэдээллийн самбарыг хэний ч нүдэнд өртөхөөр байршуулсан байлаа. Эмч нар зүрхний эмгэг, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд амьдралын хэв маягтаа анхаарахыг эм тарианаас илүү зөвлөх болсон нь энэ.
Л.Бямбасүрэн эмчтэй цөөн хором ярилцах зуур хаалгыг нь сахих өчнөөн хүн дугаарлажээ. Үүнээс л эмнэлэг ямар ачаалалтай, хүн амын дундах өвчлөл ямар их байгаа нь харагдах шиг.
Эмч нар зүрх судасны өвчлөл, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд хүмүүс амьдралын хэв маягаа өөрчлөхөөс өөр аргагүй гэдгийг сануулж зөвлөх болжээ. Ялангуяа зөвхөн архи, тамхины хэрэглээнээс гадна цаг наргүй ажил, түргэн хоолноос татгалзах нь хамгийн зөв бололтой.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
http://time.mn/sX6.html