Г.Одонцэцэг: Бөөлжүүлэг эмчилгээ нь хавдар тэргүүтэй олон өвчнөөс өндөр үр дүнтэй сэргийлнэ



Хаврын улиралд бөөлжүүлэг эмчилгээг хийлгэж, өвчнөөс сэргийлэх боломжтой гэдэг. Энэхүү эмчилгээний мөн чанар, ач холбогдлын талаар болон хаврын улиралд эрүүл мэндээ хэрхэн тэтгэх талаар “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн Захирал, зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
Уламжлалт анагаах ухаанд хаврын улиралд бөөлжүүлэг, зун зөөлөн шимт, намар туулга эмчилгээг хийлгэснээр эрүүл байх боломжтой гэж зөвлөдөг. Тэгвэл хаврын улиралд хийлгэх ёстой энэхүү бөөлжүүлэг эмчилгээ нь ямар тус эрдэмтэй, яагаад хийлгэх ёстой талаар яриагаа эхэлье?
Бөөлжүүлэг нь өвлийн улиралд хуримтлагдсан бадганыг арилгаж цэвэрлэх эмчилгээ юм. Дөрвөн улиралтайгаа зохицоод хүний биед хий, шар, бадган хурж, хөдлөөд, амарлидаг. Яг одоо буюу хаврын улиралд уушги, ходоод, тархи гээд бадган голлон оршдог эрхтнүүдийг цэвэрлэхэд тэдгээр эрхтнүүд тэжээлээр хангагдана, ер нь хүний бие бүхэлдээ дүр урваж хуримтлагдсан бадганы бохирдлыг цэвэрлэж байгаа юм. Тиймээс бөөлжүүлэг эмчилгээ маш ач холбогдолтой. Ялангуяа тархины хавдар, уушгины хавдар, ходоодны хавдар гээд хавдар тэргүүтэй олон өвчнөөс маш өндөр үр дүнтэй сэргийлж чадна. Мөн архаг харшил, ханиалгын уг суурийг арилгана. Хоолны шингэлт, бодисын солилцооны гол хүчин зүйл болох галын илчийг сайжруулж, сэргээдэг чухал ач холбогдолтой эмчилгээ юм.
Бөөлжүүлэг хийлгэхэд ямар нэгэн бэлтгэл эмчилгээ хийлгэх шаардлагатай юу. Юуг анхаарах вэ?
Хэдийгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл хүн ч хийлгэж болно гэж байгаа ч заавал эмчийн заавар зөвлөгөөг авч, урьдчилсан бэлтгэл эмчилгээг хийлгэх ёстой. Шууд бөөлжүүлгийн эм уугаад, ус уугаад бөөлжөөд ходоодоо цэвэрлэчихнэ гэж ерөөсөө бодож болохгүй. Бадганы эмчилгээ учраас шар, хийн эмгэг зонхилсон хүмүүс анхаарах хэрэгтэй. Эхлээд тухайн өвчнийг нь амарлиулах, хураах зэрэг бэлтгэл эмчилгээ хийнэ. Хийн махбод ихтэй хүмүүс бэлтгэл эмчилгээгүйгээр бөөлжүүлэг хийлгэвэл хүндрэл гарах эрсдэл өндөр. Тийм учраас хийг дарах эмчилгээ хийж байж бөөлжүүлнэ гэсэн үг. Бөөлжүүлэг хатуу ширүүн эмчилгээ учраас бэлтгэл эмчилгээг нэлээн сайн хийх хэрэгтэй. Эрүүл хүн хийлгэсэн ч гэсэн эхлээд заавал бэлтгэл эмчилгээ хийлгэнэ.
Бар, туулай, луу сард (02.21-05.19) амжаад хийлгэчих хэрэгтэй. Тухайн хүний өвчлөлийн байдлаас шалтгаалаад 1-3 удаа хийлгэвэл зүгээр. Эрүүл хүн бадганы өвчлөлөөс сэргийлээд нэг удаа хийлгэхэд хангалттай.
Хавар болонгуут гэдэс цэвэрлэгээ их хийж байна. Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс онлайнаар зааж өгөөд цэвэрлэчихнэ гэсэн зүйл их байна л даа. Хаврын улиралд туулга хийлгэвэл хэр зохистой вэ?
Хаврын улиралд туулга хийлгэх хэрэггүй. Турах зорилгоор туулга хийлгэнэ гэдэг маш эрсдэлтэй. Хоолоо сойгоод хийгээ хөдөлгөөд байдаг, дээрээс нь туулгах юм бол сөрөг үр дагавартай. Үүнээс болоод өвчилчихсөн хүмүүс бидэн дээр өдөр бүр ирж байна. Мацаг барьсан, туулга хийлгэсэн гээд хий нь ясандаа шуначихсан, зүрх нь өвдчихсөн, үс, хумс нь уначихсан, ямар ч шим тэжээлгүй, ажлын бүтээмжгүй болчихсон хүмүүс их хандаж байна. Яагаад гэхээр туулга халуун, шарын бэлгэ чанарыг дарангуйлах сэрүүн эмчилгээ учраас бадганыг ихэсгэж таргалуулах эрсдэлтэй. Туулга, хануур зэрэг сэрүүн чадалтай эмчилгээг яг шарын халуун давамгайлан ихэсдэг намрын улиралд хийвэл үр дүнтэй.
Хаврын улирлыг хэрхэн ядрахгүйгээр давах вэ, эрүүл мэндээ яаж тэтгэвэл зохистой вэ?
Хаврын улиралд бадган хөдлөөд, хий хураад ерөнхийдөө их ядарна л даа. 3 сарын 22 өдөр шөнийн тэнцлээс зуны дунд сард нар буцах хүртэл бид туйлдаа хүртэл ядрах улирал юм. Тиймээс аль болох сүүтэй цайгаа ууж, уураг, борц, борцтой хийцтэй цай гэх мэтчилэн хоол унднаас шим тэжээлээ авна. Хонины махтай хоол иднэ. Уг нь хавар цус, хярамцгаа идвэл их сайн. Гэхдээ тэр нь одоо олдохгүй бол шөлтэй хоолоо голлож идээд, сүүтэй цайгаа уух хэрэгтэй. Ер нь галын илч муу байгаа учраас хоолныхоо хэмжээг багасгаж, мөргөл, дасгал хөдөлгөөнөөр хий, цусны эргэлтийг сайжруулж, галын илчийг дэмжиж байвал сайн.
Энэ үед төгсөх курсийн оюутнууд, ЭЕШ-д бэлдэж байгаа хүүхдүүд ч гэдэг юм уу оюуны ачаалалтай байгаа хүмүүс бий. Тэдэнд оюун ухаан, бие махбодоо сэргээх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
Дээр хэлсэнчлэн хоол ундаа сайн зохицуулж идээрэй. Өндөр ачааллаар хичээлээ хийж, номоо уншиж давтах үедээ шөнийн нойроор эрч хүчээ сэлбэж байх хэрэгтэй. Мөн сэтгэлээ уужуу тайван байлгаж чадвал оюун ухаан уужуу, ой тогтоолт баттай байхад тустай.
Энэхүү ярилцлагыг унших хүмүүст зуны улиралд ямар эмчилгээ хийлгэж, хэрхэн эрүүл мэнддээ анхаарах талаар урьдчилаад хэлж өгөхгүй юу?
Луу, могой сар бол тэжээлийн улирал. Түүний дараагаар морь, хонь сар гээд зуны улирал үргэлжилнэ. Энэ улирлын онцлог нь хуурай халуунаасаа бороо орж чийгтэй болоход хүний бие махбодод хийн чанар идэвхжиж хөдөлдөг. Тиймээс доороосоо их дулаахан, ялангуяа бороотой чийгтэй өдрүүдэд чийгээс хамгаалсан, дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Энэ үед галын илч туйлдаа хүртэл доройтож, биеийн нүх сүвнүүд нээгддэг. Тиймээс маш бага хоол идэх, ялангуяа хүнд чанарын махан хоолыг сойж, сүү цагаа идээгээ голлон хэрэглэх нь зохистой сайн. Зарим хүмүүс цагаан хоол гэхээр сүү, сүүн бүтээгдэхүүнээ хориод ногоо идээд байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнээ хорих нь манай монголчуудад ерөөсөө тохирохгүй. Зуны улиралд хэрэглэх цагаан хоол бол ерөөсөө сүү, сүүн бүтээгдэхүүн. Зуны улиралд сүүтэй өтгөн цайнаасаа татгалзаад хярам, тараг уугаарай. Хүйтэн ус уух хэрэггүй. Тараг нь исгэлэн чанартай, галын илчийг тэтгэж, уураг тэжээл өгдөг. Тийм учраас тараг, хярам ууж, ааруул, ээзгий, сүүтэй цагаан будаа идвэл бие махбод шим тэжээлээр төлжиж, эрч хүчтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан