Хаврын улиралд ихэнх хүмүүсийн бие нозоорч, нойр хүрч, эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрдөг. Үүнийг хүмүүс хаврын ядаргаанд орж байна гэж боддог. Тэгвэл хаврын ядаргаа гэж чухам юу болох, ядаргааг хэрхэн тайлах талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч Б.Гантулгаас тодрууллаа.
-Дархлаа гэж юуг хэлэх вэ
-Дархлаа гэдэг нь хүний биед байх ёсгүй аливаа гадны биет, өвчин үүсгэгч бичил организмын эсрэг үзүүлж буй хамгаалах урвалыг хэлнэ. Энэ нь бие махбодийн олон тогтолцоог хамарсан маш нарийн үйл явц юм.
-Хаврын улиралд хүмүүсийн бие яагаад ядардаг вэ?
-Хүн бол байгалийн амьтан. Тиймээс байгалийн өөрчлөлт, цаг уурын нөхцөл байдалд бие махбодын хувьд дасан зохицож амьдардаг. Хүйтний улиралд дасан зохицож өнгөрөөсөн бие махбодь цаг агаар дулаарч, нарны илч нэмэгдэх, өдөр уртсах зэргээс хамаарч ядарч, сульдаж нойрмоглох, нозоорох байдал ажиглагдаж болно. Мөн хүний идэвхтэй байх цаг уртасна гэсэн үг. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хаврын улиралд хэрэглэх хоол тэжээлийн зүйл маш чухал. Жишээлбэл хавар шинэ мах, ногоо, жимс төдийлөн элбэг биш. Тиймээс магадгүй, шинэ бүтээгдэхүүн дутагдсанаар шим тэжээл, эрдэс витамин дутагдаж ядрах, өвчин хууч хөдлөх боломжтой. Хаврын өдрүүдэд цаг агаар тогтворгүй, эрс тэс байх нь мөн аливаа халдварт болон халдварт бус өвчин үүсэх, сэдрээх шалтгаан болж болно. Үүнийг уламжлалт анагаах ухааны талаас эмч нар илүү тайлбарлах байх.
-Хаврын улиралд хүмүүс хамгийн энгийнээр хэрхэн дархлаагаа дэмжих вэ?
-Дархлаа дэмжих хамгийн энгийн арга бол маш сайн унтаж амрах, зөв хооллох, ажил амралтаа зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүн долоогоос доошгүй цаг унтах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, стрессгүй, идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Хэрэв улирлаас хамаарч ядарч байгаа юм шиг мэдрэмж төрж байвал өөрийнхөө амрах цагийг нэмэгдүүлж, тайван байж, шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй. Шаардлагатай бол эмчид хандах хэрэгтэй.Дур мэдэн эм, витамин хэрэглэж болохгүй. Хэтрүүлэн хэрэглэсэн витамин нэмэлт бүтээгдэхүүнүүд ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Эмчийн зааврын дагуу хэрэглэх нь л хамгийн чухал юм. Гэхдээ аль болох эм, витамин хэрэглэлгүйгээр хоол ундаа тохируулан сайн амарч, агаар салхинд гарах зэрэг байгалийн болон уламжлалт аргаар ядаргаа тайлах, дархлаагаа сэргээж сурах нь чухал юм.
Г.Мичид