Бидний амьдралын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй нойр байдаг. Хангалттай хэмжээний нойр авснаар хүний бие болон оюун ухаан амарч, дахин энергиэр цэнэглэгддэг. Тэр ч утгаараа нойр бол хүний эрүүл мэнд, сэтгэл зүй болон амьдралын чанарт хамгийн их нөлөөтэй. Саяхан “Calm” аппликейшнээс нойртой холбоотой сонирхолтой нэгэн судалгааг явуулсан байна. Судалгаанд Америк, Англи, Францын нийт 4 337 хүнийг хамруулжээ. Тэгвэл тус судалгааны үр дүнтэй холбоотойгоор хүмүүсийн дунд түгээмэл байдаг нойрны талаарх өрөөсгөл ойлголтуудыг хүргэж байна.
- Судалгаанд оролцогчдын 48 хувь нь унтах үед хүний тархи амардаг гэж таамаглажээ. Гэтэл унтах үед хүний бие амардаг ч тархи ажилласаар байдаг ба биеийн үйлдлийг удирдсан хэвээр байдаг аж.
- Амралтын өдрөөр их унтаж нойроо нөхнө гэдэг хүмүүсийн бодол хамгийн том өрөөсгөл ойлголт юм. Хэдийгээр энэ нь логиктой сонсогдож болох ч ажлын өдрөөр сайн нойр авч чадаагүйгээс болж үүссэн ямар нэгэн сөрөг үр нөлөөг амралтын өдрийн нойр шийдэж чадахгүй нь судалгаагаар тогтоогджээ. Харин өдөр бүр тогтмол цагт унтаж сурах нь биед эрүүл дадал болдог.
- Машин удаан жолоодох үед нойрмоглох явдал бишгүй тохиодог. Судалгаанаас харахад хүмүүсийн 56 хувь нь машиныхаа цонхыг буулгах эсвэл агааржуулагчаа хүчтэй үлээлгэх нь нойр сэргээдэг гэж үздэг ч яг үнэндээ энэ нь худлаа гэнэ. Харин ч ийм нойрмог байдалтай үргэлжлүүлж машинаа барих нь аюултай бөгөөд замаас гарч түр зогсоод 15 минут дуг хийх нь хамаагүй илүү үр дүнтэй байдаг байна.
- Хүмүүс өөрсдийгөө зөвхөн гүн нойронд автсан үедээ л зүүдэлдэг гэж боддог. Гэтэл нойрны бүх үе шатанд зүүдэлж болдог гэнэ. Ялангуяа РЕМ нойрны үед буюу хөнгөн нойрсох үедээ хамгийн тодоор зүүдэлдэг байна.
- Зүүдэндээ явдаг хүмүүс олон байдаг бөгөөд тэднийг нойрон дунд сэрээж болдоггүй гэлцэх нь бий. Энэ нь буруу бөгөөд тэд өөрийн мэдэлгүй нойрондоо хэн нэгнийг эсвэл өөрийгөө аюулд оруулж болзошгүй тул тэднийг сэрээж оронд нь оруулах нь зүйтэй.
- Судалгаанаас харахад хүмүүсийн 31 хувь нь нойр хүрэхгүй байсан ч хэвтээд л байвал удахгүй унтчихна гэж боддог. Хэрвээ 20 минут хэвтээд нойр тань хүрэхгүй хөрвөөсөөр л байвал босоод ном унших, эсвэл хөгжим сонсох гэх зэргээр өөрийгөө амрааж тайвшруулах зүйл олж хийх хэрэгтэй. Унтаж чадахгүй мөртлөө удаан хугацааны турш орондоо хэвтээд байвал цаашид таны хувьд унтлагын өрөө, ор зэрэг нь таагүй сөрөг мэдрэмж төрүүлж эхэлнэ.
- Ихэнх хүмүүс унтахын өмнө согтууруулах ундаа багахан хэмжээгээр хэрэглэх нь гүн нойрсоход тусалдаг гэж боддог. Үнэн хэрэгтээ согтууруулах ундаа ууснаар шөнө энгийн үеэс илүү ойр ойрхон сэрдэг тул эсрэгээрээ сайн амарч чаддаггүй байна.
- Зарим тохиолдолд хурхирах нь “apnea” гэх амьсгал тасалддаг нойрны өвчний шинж тэмдэг байдаг. Ялангуяа шөнө унтахдаа их хурхирч, өдрийн цагаар үргэлж зүүрмэглэдэг бол нойрны өвчин байж болзошгүй тул анхаарахад буруудахгүй.