
Сэтгэцийн эрүүл мэндийн талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Сэтгэцийн эрүүл мэнд эрүүл буйгаа хэрхэн мэдэх вэ?
-Сэтгэц эрүүл байх, сэтгэцийн тулгамдсан асуудалтай байх, сэтгэцийн эмгэгтэй байх гэсэн үндсэн гурван ойлголт байдаг. Хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвартай бол сэтгэцийн хувьд эрүүл байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлж буйгаар манай орны иргэдийн 70 орчим хувь нь сэтгэц нь эрүүл гэсэн тоо бий.
Нийгэм эдийн засгийн нөлөөгөөр зан үйл сэтгэл зүй нь хямарч буй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс хүн амын 20-30 хувийг эзэлдэг гэж үздэг.
Сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэл түгшилт нойргүйдэлд удаан хугацаанд өртөөд явах юм бол сэтгэцийн эмгэгтэй болж байгаа. Эдгээр хүмүүс нийт хүн амын 3-5 хувийг эзэлж байна гэсэн СЭМҮТ-ээс гаргасан тоо баримт байгаа. ДЭМБ-аас нийгэм, эдийн засаг, ажлын байр, ажил олгогч гээд бүх салбарын түвшинд сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, хөрөнгө оруулалт хийцгээе гэсэн уриалгыг дэвшүүлсэн байдаг. Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, аврах гэдэг нь хувь хүний асуудал хэдий ч гадаад орчны нөлөө сэтгэцэд нөлөөлдөг.
-Сэтгэцийн эрүүл мэндээ эрүүл мэндээ эрүүл байлгахын тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Үүний тулд өдөр тутам 30 минут гадаад орчинд алхаж, амралтын өдөр ууланд гарч цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Мөн эрүүл зөв хооллож, чанартай нойр авах нь маш чухал. Тиймээс сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд ДЭМБ-аас гаргасан энэ дөрвөн зөвлөмжийг мөрдөж дагах нь сэтгэцийн эрүүл мэнддээ оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.
-Хоол хүнс сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөтэй юү?
-Эрүүл зөв хооллолт чухал нөлөөлдөг. Улиралдаа тааруулаад зөв хооллох нь чухал. Жишээлбэл, адууны махыг өвөл идэж, хаврын цагтаа борцоо идэх ёстой гэдэг. Идэж буй хоол нь эрүүл зөв, улиралдаа зохицсон, хөнгөн чанартай, хүнд чанартай байна уу гэдгээс шалтгаалаад хүний бие махбод, сэтгэл санаанд нөлөөлдөг гэдгийг ДЭМБ-аас хэлдэг.
-Нойр сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй гэдэг?
-Зөв цагтаа хэр сайн нойр авч байна вэ гэдэг маш чухал. Хүүхдээ цагт нь унтуулах буюу 21.00 цагт унтуулснаар хүүхэд өглөө тайван, уур уцааргүй байдаг. Тайван сэрсэн хүүхэд ээж, аавтайгаа маргаж, ямар нэгэн асуудал үүсгэхгүй. Насанд хүрэгсэд дутуу нойртой явснаас үүдэн ажлын бүтээмж 40 хувь буурдаг.
-Насанд хүрэгсэд дутуу нойртой явснаас үүдэн ажлын бүтээмж 40 хувь буурдаг гэлээ. Нойргүйдлээс үүдэж бидэнд ямар, ямар асуудал үүсдэг вэ. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Хүнд зан үйлийг төлөвшүүлэх, хэвшүүлэх таван үе шат байдаг. Дадал хэвшлийг гурван долоо хоногоос дээш хугацаанд суулгаснаар энэ нь дадал болж эхлэх суурь нь тавигддаг. Манай эцэг эхчүүд даваагаас баасан гарагт хүүхдээ 21.30 цагаас өмнө унтуулдаг. Гэтэл амралтын өдөр энэ хэв маягаа эвддэг. Энэ нь маш буруу. Үүнийгээ гурван долоо хоногийн турш хэвшүүлээч гэж зөвлөмөөр байна. Эцэг эхийн хүүхдийн эрүүл мэндэд оруулж чадах үнэгүй хэрнээ хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол цагт нь унтуулах. Нойр сайн авсан хүүхэд маргааш нь уур, уцааргүй, суралцах чадвар нь сайн, тэвчээртэй, үг даах чадвартай, ой тогтоолт сайтай байдаг.
-Нойргүйдлээс болж хүүхдэд ямар асуудал үүсэх вэ?
-Тэвчээргүй, суралцах, сэтгэн бодох чадвар муу байна. Өсвөр насны хүүхэд 9-12 цаг унтах шаардлагатай байдаг. Унтах орчныг бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал. Өөрөө утас, зурагт үзээд байх юм бол хүүхэд унтах боломжгүй. Интернет, утсаа салгаад, зурагт, гэрлээ унтраагаад орчныг нь бүрдүүлээд хамтдаа унтах хэрэгтэй. Ээж, аавын тусгал бол хүүхэд. Ээж аавтайгаа хамт унтсанаар хүүхэд ээж аавын хайрыг, гэр бүлийн дулаан орчныг мэдэрч, унтах сэдэл нь аяндаа төрж унтдаг.
-Гэхдээ эцэг эхчүүд янз бүрийн шалтгааны улмаас тэр бүр хүүхдээ унтуулж чаддаггүй шүү дээ?
-Ажилтай байгаад хүүхдээ унтуулж чадаагүй гэхээсээ илүү хүүхэд унтах 5-10 минут гэрлээ унтраагаад орчинг нь бүрдүүлээд, үлгэр ярьж өгөөд тайван унтуулчих хэрэгтэй. Үүний дараагаар амжаагүй ажлуудаа амжуулж болно. Одоо үеийн хүүхдүүдийг загнаж зандрахаас илүүтэй, үлгэрлэж харуулах нь чухал. Тайлбарлаж хэлэхээр тэд маш сайн ойлгодог.
-“Хаврын синдром” гэж бид их ярьдаг. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу. Хаврын улиралд гарч буй сэтгэцийн өөрчлөлтийг хэлж байна уу?
-Хавар, намрын улиралд хүний сэтгэл гэгэлзэж, сэтгэл санаа тогтворгүй байх үе байдаг. Ер нь улирал бүрээс шалтгаалж сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Хавар гарч буй сэтгэл санааны өөрчлөлтийг “Хаврын синдром” гэж нэрлэж ярьдаг. Гэхдээ шинжлэх ухаанд хавар болж байгаагаас шалтгаалан сэтгэцийн эмгэг түлхүү өртөж байна гэсэн баталгаа байдаггүй. Хүмүүс ойлгохдоо сэтгэцийн эмгэг хаврын улиралд илрээд бусад үед байхгүй мэтээр ойлгодог. Гэтэл бүх л улиралд сэтгэцийн эмгэг илэрдэг.