Жирэмсэн эмэгтэйг хаалга андуурлаа хэмээн гаргаснаас болж гадаа төрсөн гэх мэдээлэл цацагдаад байсан. Тодруулбал, ЭХЭМҮТ-д амаржихаар очсон эмэгтэйг "Буруу хаалгаар орж ирсэн байна. Төрөхийн хаалгаараа ор" гээд явуулснаас болж жирэмсэн эмэгтэй гадаа амаржсан тохиолдол гарсан. Энэ асуудлаар ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэрээ ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэдгээ хэлсэн юм.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ. Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.
Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.
Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэсэн юм.
Харин ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ, "Эмнэлэгийн ажилтан хариуцлага алдсан асуудал эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа. Ер нь бол ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тохиолдол хариуцлага тооцох асуудал яригддаг. Гэхдээ хариуцлагаас өмнө үнэн бодит байдлыг тогтоох ёстой. Нэгдүгээрт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэн хохирох ёсгүй. Нөгөө талаас буруу ташаа мэдээллээс шалтгаалаад эмнэлгийн ажилтан бас шийтгүүлж болохгүй.
Тухайн эх жирэмсний хяналтад ороогүй байсан. Энэ тохиолдлоос бид жирэмсэн эхчүүдийг хяналтад оруулах асуудалд алдаа дутагдал гарч байгааг мэдлээ. Мөн эмнэлгийн, үйлчилгээний байгууллаагын хаягжилтыг тодорхой болгох шаардлага байгаа нь бас харагдлаа.
Бид дөнгөж сая эх, хүүхэд хоёртой уулзчихаад ирсэн. Эмнэлгийн ажилтнуудаас харилцааны таагүй хандлага гарсан, загнуулсан ч гэх юм уу авир хүлээж аваагүйгээ гэдгээ хэлсэн. Гэхдээ энэ зөвхөн урьдчилсан нөхцөл байдал. Шалгалтын явцад зөрчил гарсан эсэх нь тодорхой болно" гэв.
Т.Гэрэл