Саяхан хийгдсэн судалгаагаар нүүрс ус багатай, өөх тос ихээр хэрэглэдэг "кето" төрлийн хоолны дэглэм нь бие дэх "муу" холестерины хэмжээг ихэсгэдэг байх боломжтой бөгөөд артери бөглөрөх, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөлийн эрсдлийг хоёр дахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.
"Бидний судалгаагаар нүүрс ус багатай, өөх тос ихтэй хоолны дэглэмийг тогтмол хэрэглэх нь LDL холестерин буюу "муу" холестерины хэмжээ ихсэж, зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой болохыг тогтоосон" гэж судалгааны удирдагч доктор Иулиа хэлэв. Уг судалгааг Канадын Ванкувер дахь Бритиш Колумбын их сургууль, Гэгээн Паулын эмнэлэг, зүрхний уушгины инновацийн төв хамтарч хийсэн байна.
Судалгаагаар нүүрс ус багатай, өөх тос ихтэй (LCHF) хоолны дэглэмийн өдрийн нийт илчлэгийн 45 хувь нь өөх тос, 25 хувь нь нүүрс ус байдаг гэж тодорхойлжээ. Судалгааг өчигдөр Америкийн Зүрх судлалын коллежийн жил тутам болдог эрдэм шинжилгээний хурал дээр Дэлхийн кардиологийн конгресстэй хамт танилцуулсан байна.
Судлаачид сүүлийн 10 гаруй жил LCHF-ийн хоолны дэглэм барьж буй 305 хүний хоолны дэглэмийг стандарт хоолны дэглэм барьж буй 1200 орчим хүнтэй харьцуулж судалсан байна.
Судлаачид LCHF хоолны дэглэм барьдаг хүмүүст бага нягтралтай липопротейн буюу LDL, холестерол, аполипопротейн В-ийн агууламж өндөр байгааг тогтоожээ. Аполипопротейн В нь LDL холестерины уургийг бүрхдэг уураг бөгөөд LDL холестерины түвшин хир байгаагаас зүрхний өвчнийг урьдчилан таамаглаж болдог аж.
АНУ-ын 5 хүн тутмын 1 нь нүүрс ус багатай, кето шиг эсвэл бүрэн кето хоолны дэглэм барьдаг байна.
Судалгаагаар хоолны дэглэмийг дагаж мөрдөх урт хугацааны үр нөлөөг авч үзсэн бол кето шиг хоолны дэглэм баримталдаг ихэнх хүмүүс уг дэглэмийг богино хугацаанд завсарлагатайгаар дагаж мөрдөх хандлагатай байдаг гэв.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 73 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд бараг бүгд Британи хүмүүс байжээ.
Эх сурвалж: CNN