А.Баярхүү: Улирал солигдоход хүмүүсийн сэтгэл зүйд синдром илэрдэг


МУБИС-ийн багшийн хөгжил, сургалт судалгааны хүрээлэнгийн сэтгэл судлаач А.Баярхүүгээс хаврын улиралд хүмүүсийн гаргадаг сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хаврын улиралд хүмүүсийн бие махбодын хувьд  их ядардаг гэж ярьдаг шүү дээ. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гардаг уу?
-Улирал хүний бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлдөг гэсэн судалгаа болон түүний үр дүнгүүд бий. Биоритм болон биологийн судлаачид, сэтгэлзүйчид өөр, өөр дүгнэлт гаргах нь элбэг. Зарим судлаач хаврын улиралд хүний бие махбодод нозоорол үүсдэг шалтгааныг эрдэстэй холбоотой гэж үзсэн байдаг. Улирал хүний сэтгэл зүйд нөлөөлнө, сэтгэл зүй нь бие махбодод нөлөөлнө. Хүний сэтгэл зүйн байдал нь орчноос хамаараад өөрчлөгддөг. Хавар өдөр уртасч, дулаарахаар сэтгэл зүйд нөлөөлнө. Улирлаас гадна орчны нөлөө, байгаль цаг уурын онцлог сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Дулаарч, өдөр уртсаад ирэхээр хүний сэтгэл дагаад хөөрч, өөрийн эрхгүй сэтгэл санаа тогтворгүй болж гэгэлзэж эхэлдэг. Сэтгэл санааны хувьд гэгэлзээд байхаар ядарч байгаагаа ч мэдрэхээ больдог.
-Хаврын улиралд сэтгэл зүйн үйлчилгээ авах хүмүүсийн тоо нэмэгддэг гэсэн. Дийлэнх нь ямар асуудлаар ханддаг вэ?
-Сэтгэл гутрал, сэтгэл зүйн огцом өөрчлөлтүүдээр ханддаг. Би түргэн ууртай болоод байна, зан байдлын хувьд өөрчлөгдөөд байна гэх зэргээр ирдэг. Оюутан залуусын хувьд хайр дурлалтай холбоотой асуудлаар ханддаг. Ер нь хүн ямар ч цаг үед, ямар ч улиралд сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах нь чухал. Хавар болоод дулаан орлоо, өвөл харанхуйд гэр рүүгээ даарч, яараад харьдаг байсан хүмүүс чинь гэгээтэйд гэртээ хариад юу хийх вэ гээд гийюүрсэн мэдрэмж авна. Хавар хүмүүсийн сэтгэл зүйд гардаг өөрчлөлтийг хаврын синдром гэж нэрлэдэг. Синдром гэх зүйл нь зөвхөн хаврын улиралд илэрдэг зүйл биш. Хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тогтворгүй, тэнцвэргүй болохыг синдром гэж нэрлээд байгаа юм. Магадгүй тайван байсан хүн гэнэт уурлах, цухалдах, гутрах, гуних гэх мэт сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлтүүд нь синдром гэдгээр илэрнэ. Гэхдээ хүн болгоныг адилхан байна гэж ойлгож болохгүй.            
-Хаврыг бие болоод сэтгэл зүйн хувьд өвчлөхгүй даван туулах арга бий юү?
-Хаврын улирал гэхгүйгээр хэзээд сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг хүн эрүүл сэтгэцтэй, аз жаргалтай, нийгмийн үйл ажиллагаанд хэвийн оролцдог. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэтгэцийн эрүүл мэндээ эрүүл байлгахын тулд дасгал хөдөлгөөн хий, агаарт гар, эрүүл зөв хоолло, мөн зөв цагтаа гүн нойрсохыг чухал гэж үздэг. Аливаа сэтгэцийн асуудалд орохоос өмнө урьтаж сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг байх нь чухал юм. Бие эрүүл, сэтгэл амгалан байх юм бол ажлын бүтээмж нэмэгдэнэ, амжилт гаргана, харилцаа хандлагад ч эергээр нөлөөлнө. Сэтгэл санаа тогтворгүй байх үед өөрийгөө ч бусдыг ч хүндэтгэхээ болино. Энэ байдлаа нийтээрээ “стресс” гэх үг рүү чихээд байдаг.
Бэлтгэсэн: Т.Амаржаргал
https://itoim.mn/a/2023/03/05/mental-health/fdp
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан