Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэж юу вэ?
Сэтгэл Доктор Ломидис /Loumidis/ сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын ялгааг хувь хүний асуудлаас нь хамааруулан тайлбарласан байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэсэн нэр томъёонууд нь тайлбарлах явцад холилдох явдал байнга гардаг бөгөөд онолын болон хэрэглээний төвшинд хэд хэдэн ялгаатай зүйлс байдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг нь клиникийн хувьд эрүүл /сэтгэцийн эмгэг, өвчтэй бус/ боловч өдөр дутмын амьдралд тохиолдох сэтгэл зүйн хүндрэл бэрхшээл, асуудал, зан ааш, зан төлөвтэй холбоотой асуудлууд, мөн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө биe хүний хувьд хөгжүүлэх талын асуудал зэрэгтэй тулгараад байгаа хүмүүст үзүүлж буй мэргэжлийн зөвлөгөө юм. Манай улсад одоогоор сэтгэл заслын эмчилгээг тусгай зөвшөөрөлтэй сэтгэл заслаар мэргэшсэн сэтгэцийн эмч, сэтгэл судлаачид хийж байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө
Сэтгэл зүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямралын үед яваа, гэр бүл-хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг эрж хайж хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм. Энэ нь эмгэгийг эмчлэх гэхээс илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэдэг. Сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэл нь психопатологоос илүүтэйгээр хувийн онцлог шалтгаан бөгөөд хувь хүний амьдралаас олдсон туршлага, ул мөр дээр төвлөрдөг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйч үйлчлүүлэгч нь санаа зовоосон зүйлсээ дахин олж харж, сайн сайхны мэдрэмжээ бүтээхэд анхаарна. Зөвлөгөөний үед албан ёсоор тохирсон цаг, зөвлөгөөний өрөөнд мэргэжилтэн хамт суугаад хэцүү асуудал, мэдрэмжээ хуваалцаж, хамтран ажиллана. Сэтгэл зүйн зөвлөгөөний талаар бусад мэдээллийг "Сэтгэл судлаачийн 101 хариулт” номын нэгдүгээр хэсгээс уншаарай.
Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамаарах клиникийн бус асуудлууд:
- Бие хүний хувьд хөгжих болон сайн сайхан байх
- Өөртөө итгэлтэй байдлыг сэргээх, нэмэгдүүлэх
- Гарз хохирол, уй гашуу тохиолдсоны дараа дахин сэргэх
- Гэр бүлийн болон хосын харилцаагаа сайжруулах
- Бэрхшээл болон мухардлаа шийдэх
- Өөдрөг бодол, сэтгэлгээг бий болгох
- Чадамж, хөгжлөө улам сайжруулах
- Амьдралынхаа үзэл баримтлалыг шинээр олж харах
- Харилцааны ур чадвараа сайжруулах
- Карьер болон амьдралын хэв маягаа тодорхойлох, төлөвлөх
- Хүмүүстэй харилцах болон нийгмийн бусад чадвараа сайжруулах
- Өөрийн онцлогт тохирсон ямар нэг төрлийн төлөвлөгөө гаргах
Сэтгэл засал
Сэтгэл засал нь сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/-тэй хүмүүст ярилцлага болон бусад аргаар нэгэн төрлйин эмчилгээ хийдэг. Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчилөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад үйлчлүүлэгчид тусалдаг.
Сэтгэл засалд хамаарах клиникийн асуудлууд:
- Донтолт /архи, эм бэлдмэл, мөрийтэй тоглоом гэх мэт/
- Уур бухимдал, цухал, түрэмгийлэл зан авир
- Түгшүүр /дундаж болон хүчтэй түгшүүр/
- Хүүхдийн зан үйлийн асуудлууд
- Биеийн төрх байдлын асуудлууд
- Албадлагын шинжтэй болон цочмог зан үйлүүд
- Сэтгэл гутрал /дундаж болон хүчтэй/
- Идэх эмгэг /хэт их идэх, булимия, анорксия/
- Хардалт
- Нэг бодол санаанд хэт автах эмгэг
- Цочролын эмгэг болон орон зайнаас айх эмгэг
- Айдас /бүх хэлбэрийн/
- Сэтгэцийн гэрэлтэй асуудлууд
- Өөрийгөө хүндэтгэхтэй холбоотой асуудлууд
- Бэлгийн харилцааны болон гэр бүлийн асуудлууд
- Цочролын дараах стрессийн эмгэгийн хариу үйлдэл
- Бусад сэтгэц, зан үйлийн эмгэгүүд