Томуу, томуу төст өвчин нийгэмд өргөнөөр тархаж байгаа энэ үед хичээл, сургууль орох хугацаа ойртсонтой холбогдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа: “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдал өмнөх долоо хоногийн түвшинд байна. Энэ нь улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшиндээ байгааг илтгэж байна. Цөөн аймагт л дэгдэлтийн түвшинд хүрсэн байна. Нийт амбулаторийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Хэвтэн эмчлүүлж байгаа амьсгалын замын цочмог халдвартай иргэдийн эзлэх хувь 23 хувьтай байна. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа. Тэгэхээр томуу, томуу төст өвчний амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд 9-10 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэх хандлагатай байна. Өвчлөгсдийг насны байдлаар нь авч үзвэл 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхэд. Үүнээс 50 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Иргэдийн дунд H1N1, B вирус их тархсан нь хүндрэх шалтгаан болж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна томуутай төстэй эмнэлзүйн шинж тэмдэг өгдөг вирус байсаар байна. Энэ нь Аденовирус, амьсгалын замын синтцал вирус юм.
Сургуулийн амралт дуусаж, ирэх долоо хоногт хичээл эхлэх гэж байгаатай холбоотой 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийнвакцинд хамруулж эхэлсэн. Мөн 65-аас дээш насныхан, эмнэлгийн ажилчид, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах ажил аравдугаар сараас эхэлсэн. Вакцины тоо хэмжээ бага учир 2, 3, 4, 5 настай хүүхдийн 70 орчим хувийг вакцинжуулаад байна.
Улсын хэмжээнд 2-12 насны 800 гаруй мянган хүүхэд байна. Гэтэл өнөөдрийн байдлаар 245 мянган хүүхэд вакцинд хамрагдсан байна. Үлдсэн хэсэг нь вакцинд хамрагдаагүй тул сургуулийн үйл ажиллагаа эхлэхээр өвчлөл, амбулаторийн үзлэг нэмэгдэх хандлага ажилагдаж байна. Түүнчлэн, эмнэлэгт хэвтэж хүндэрч байгаа хүүхдүүдийг харвал 80-90 хувь нь вакцинд хамрагдаагүй гэсэн өгүүлэмжтэй байна. Тиймээс вакцины ач тусыг ойлгох хэрэгтэй. Одоогоор вакцины нөөц тодорхой хэмжээнд байгаа. Иймд үлдсэн хугацаанд цочмог халдвараар өвдөөгүй эрүүл бол вакцинд яаралтай хамрагдаарай” гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан
Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтэд коронавирусийн 1.8 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 33 хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ халдвар өндөр орнууд бий. Тухайлбал, АНУ, Япон, БНХАУ, Бразил улсад тохиолдлын тоо өндөр байна. Харин хувилбарын тандалтыг хийхэд Омикроны BA5 гэх дэд хувилбар нийт сорьцны 70.5 орчим хувийг эзэлж байна.
Манай улсын хувьд 2023 оны эхний гуравдугаар долоо хоногт 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 50 хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 16 хүн хяналтад байна. Мөн Замын-Үүд хилийн боомт нээгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн сайдын А13 гэдэг тушаалын дагуу ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнд ХӨСҮТ боомтоор ирж байгаа гадны болон дотоодын хувилбарын тандалтыг түүвэрлэн хийх үйл ажиллагааг хийж байгаа. Тухайлбал, хил нээгдсэнээс хойш нийт орж ирж байгаа гадны болон дотоодын иргэдээс 365 хүнийг түүвэрлэн шинжилгээнд хамруулсан. Өнөөдрийн байдлаар эерэг тохиолдол гараагүй” хэмээсэн юм.
https://itoim.mn/a/2023/01/26/event/war