Нийгмийн эгэх хариуцлага гэсэн нэр томьёог бид олон удаа сонссон ч яг юуг ийн нэрлэдэг талаар төдийлөн мэддэггүй. Энгийнээр тайлбарлавал сургууль, эмнэлэг, нийтийн тээвэр гэсэн төрийн үйлчилгээ бидэнд хүртээмжтэй байж чадаж байгаа юу, дээрх үүргийг гүйцэтгэх багш, эмч, жолооч нар хариуцлагатай байж сэтгэл гарган ажиллаж чадаж байгаа эсэхэд хяналт тавихыг нийгмийн эгэх хариуцлага хэмээн ойлгож болно. Тулгамдаж буй асуудлаа та хариуцсан төрийн албан хаагчид нь мэдэгдэж, ярилцан, хамтдаа шийдвэрлэснээр бид сайн сайхан нийгмийг бүтээх боломжтой.
“Төрийн үйлчилгээ хангалтгүй байна” хэмээн шүүмжлээд суух бус тухайн үйлчилгээг сайжруулахад нь өөрийн биеэр оролцож, чанартай үйлчилгээ авах эрхээ эдлэх нь нийгмийн эгэх хариуцлага юм. Тиймээс “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг /MASAM/ Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, Глоб Интернэшл ТББ хамтран 2020 оноос эхлэн хэрэгжүүлсэн билээ. Энэ төсөл Монгол Улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж, төрийн үйлчилгээ, төрийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. Тэгвэл төслийн II шатыг эхлүүлэн иргэний нийгмийн болон төрийн байгууллагын мэдээлэл ашиглах, бодлого боловсруулалт, хэрэгжилтэд хяналт тавих чадавхийг нэмэгдүүлэхээр зорьжээ.
Тодруулбал, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгжилт, үйл явц, өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын талаарх сургалтаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр болсон байна.
Энэ талаар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “MASAM-II” төслийн зохицуулагч С.Пүрэвдорж: “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл нь төсвийн ил тод байдал, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Тиймээс иргэдэд төсөв, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эгэх хариуцлагын талаар мэдлэг, ойлголт өгөх дөрвөн модул хичээл бэлтгэсэн. Энэ хичээлээ иргэдэд танилцуулахаар бид Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Төслийн нөгөө баг Баянгол дүүрэгт энэ сургалтыг явуулж байна. Баянзүрх дүүргийн X хорооны өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг өнгөрсөн жил иргэдээр үнэлүүлж, гарч ирсэн асуудлуудыг нь зохих шатны төрийн байгууллагуудад уламжилсан. Хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч, эмч, иргэдийг хамтад нь суулгаж байгаад өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн юм. Харин энэ жил таван хороонд иргэд, төрийн байгууллага хамтран анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар ажиллаж байна.Үүний эхний шатанд иргэддээ төсөв, өрхийн эмнэлгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх сургалт явууллаа” гэв.
Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, төсөв, нийгмийн эгэх хариуцлагатай холбоотой сургалтыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Эрүүл мэндийн зөвлөх багш, доктор Д.Оюунтуяа зааж байгаа юм. Сургалтын үр дүнд иргэд цахим платформ ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахтай холбоотой мэдээлэл авах, санал хүсэлтээ илгээх нь нэмэгдэх юм.
Ийн “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, ач холбогдлын талаарх гурван түвшний эх сурвалжийн байр суурийг хүргэе.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанзагас: Иргэдийн оролцоотойгоор тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ
-Сонгогдсон хорооныхоо иргэдтэй хамтран анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхааран ажилладаг. Хорооны иргэдтэй уулзахад өрхийн эмнэлгийн өрөө танхимын хүрэлцээ, хүний нөөцийн асуудлыг их ярьдаг. Анх төлөвлөж байснаас одоогийн хүн ам хэд дахин өссөн. Тухайлбал, манай дүүргийн XVI хороо 30 мянган хүн амтай. Тиймээс нэг өрхийн эмнэлэг хангалтгүй. Тиймээс “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд өрхийн эмнэлгийн үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг өрхийн эмч, иргэд, ИТХ-ын төлөөлөгчид хамтран эрэлхийлж, цаашид хэрхэн ажиллах бодлогоо тодорхойлохоор ажиллаж байна. Иргэд өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад хэрхэн бүтээлчээр оролцох вэ гэдгээ өнөөдрийн сургалтаас мэдэж авч байна. Тиймээс анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл бодит ажил хэрэг болж чадна гэж найдаж байна.
Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн Г.Мижигсүрэн: Өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад иргэдийн санал чухал гэдгийг ойлголоо
-Өрхийн эмнэлгийн үйлчилгээний талаарх сургалтад хамрагдаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Бид анхан шатны тусламж үйлчилгээний үйл ажиллагаа, ач холбогдол, бүтцийн талаар нарийн мэддэггүй юм байна. Сургалтын үр дүнд зарим буруу ойлголтоо засч, залрууллаа. Мөн өрхийн эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, үйлчилгээг нь сайжруулахад иргэдийн оролцоо, санал ямар чухал үүрэгтэйг ойлгож авсандаа маш их баяртай байна. Өрхийн эмнэлэгтээ үзүүлж долоо хоног үнэгүй эм, тариа хийлгэж байсан. Үйлчилгээ, эмч нарын хандлага сайн байсан. Цаашид ч илүү сайжруулахад идэвхитэй оролцох ёстойгоо сайн ойлголоо.
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн өрх хариуцсан мэргэжилтэн Д.Мягмаржав: Нийт тусламж үйлчилгээний 80 хувийг өрхийн эмнэлэг үзүүлдэг
-Манайх хамгийн олон хүн амтай дүүрэг өмнө нь 28 хороотой байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас 43 хороотой болсон. Гэхдээ 43 хороонд 26 өрх, хоёр тосгоны эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 505 эмч, эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлдэг. Өрхийн эмнэлэг анхан шатны найман төрлийн тусламж үйлчилгээг хангалттай түвшинд үзүүлж байна. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн II шатанд иргэд өрхийн эмнэлэгт яаж хандах, ямар тусламж үйлчилгээг үзүүлдэг талаар болон өөрийн эрх, оролцоогоо мэдэж авлаа. Хамгийн анхны тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэг цаг алдалгүй үзүүлдэг. Нийт тусламж үйлчилгээний 80-85 хувийг өрхийн эмнэлэг үзүүлдэг гэсэн статистик мэдээлэл бий. Тиймээс өрхийн эмнэлгийн үйлчилгээний талаарх иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх нь чухал юм.
Баярмэндийн ДолжинжавЭх сурвалж: "Зууны мэдээ" сонин