Г.Жаргалсайхан: Сахартай хүмүүс дүүргээсээ "Инсулин" тариа авах гэж Богдын хишиг хүртэж байгаа аятай юм болдог


Монголын сахарын өвчтэй иргэдийн нэгдэх “Жаргал” нийгэмлэгийн тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа.
-Цахим сүлжээгээр улсаас хангадаг сахарын эм, тариа ховордсон гэх мэдээлэл олон байна, тийм үү?
-Тийм ээ, сахартай хүмүүсийн эм тариаг үнэгүй олгох Засгийн газрын тогтоол байдаг. Энэ хөнгөлөлттэй эмийг дүүргийн дотоод шүүрлийн эмч нар бичиж өгдөг. Дүүргийн эмнэлгүүд бараг хувийн байгууллага болчихсон шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас 100 хувийн төсөв баталдаг. Үүнийг дүүргийн эмнэлгүүд хуваарилж авдаг юм. Сүүлийн үед Эрүүл мэндийн даатгалын сан асуудалтай болсон нь анзаарагдаж байна. Жишээлбэл, би Чингэлтэй дүүргээс шаардлагатай эм, тариагаа авдаг. “Levemir” гээд холын тариа хоёрыг өгөх ёстой боловч нэгийг өгсөн. Энэ нэлээд үнэтэй тариа. Ялангуяа үнэтэй тариаг улсаас олгох тоо буурч байна.
-Инсулин олдохгүй байна гэж сонсогдсон. Сахартай хүмүүсийн хамгийн чухал тариа шүү дээ.
-Тийм, инсулин тарихаар одоо байгаа насан дээрээ 70, 80 нас нэмдэг болчихсон цаг үе. Инсулин өгч байгаа эмч нарын хүнд суртал маш хэцүү. Дүүргээсээ инсулин авах гэж Богдын хишиг хүртээж байгаа аятай юм болдог. Тариагаа хагас дутуу өгөөд эсвэл тунг нь хэлж өгөөгүйгээс болж буруу тунгаар тариагаа хэрэглэж сахарын хэмжээ улам хүндэрдэг. Инсулинээ зөв тунгаар, зөв хэрэглэвэл их ид шидтэй эд. Манайд нэг буруу хандлага байдаг нь сахарын хэмжээ өндөр болчихсон байхад эм уу гээд л шахаад байдаг. Эмээр сахарын хэмжээг буулгаж чадахгүй бол тариан эмчилгээнд ордог.
“NovoRapid” гэж хоолны дараа тарьдаг ойрын тариа бий, энэ тариа дутагдалтай байна. Би хоёрыг авах ёстой ч мөн нэгийг өгсөн. Манай нийгэмлэг энэ талаар яам, тамгын газарт есдүгээр сар гаргаад албан бичиг хүргүүлнэ.
-Улсаас олгодог эм тарианы хангамж багассан юм байна. Гэтэл хувийн эмийн сангуудаар зарагдаж байна...
-Улсаас олгогдохгүй байгаа эм, тариа хувийн эмийн сангуудад зарагдаж байгаа нь дамлаж зарж байгаа гэсэн үг биш.
Олон улсын харилцаа хөгжсөн энэ үед хувь хүмүүс Монголд байхгүй турк, швед зэрэг чанартай эм, тариаг оруулж ирж байгаа. Ийм төрлийн нөхөн хангалт байхгүй сахрын эмчилгээний эм,тариа тасарвал аюул болно. Тухайлбал, Куба улсын “Heberprot-P” гэдэг тариа бий. Сахарын өвчин нь хүндэрч хөл, гараа тайруулах болсон эрсдэлийг уг тариа 71-79 хувиар бууруулдаг. Энэ тарианы олдоц маш бага.
Монголд оруулж ирэхэд ч
хэцүү. Куба өөрөө социалист орон учраас. Уг нь албан ёсны гэрээтэй“ Сити Фарм” энэ тариаг Монголд оруулж ирэх ёстой боловч оруулж ирдэггүй, хангалтгүй ажилладаг.
-Гадны орнуудад төрөөс сахартай иргэддээ ямар зохицуулалттайгаар, хэрхэн анхаарч байна вэ?
-Гадны оронд сахартай иргэддээ сахараа хэмжих нарийн багаж, төхөөрөмж, чанартай эм, тариа олгодог. Жишээлбэл, “AIDEX” гэх сахар хянах систем биедээ суулгаад 24 цагийн турш гар утаснаасаа сахарын хэмжээгээ хянах боломжтой.
-Монголд сахартай хэд орчим хүн байдаг юм бэ?
-Манай улсад сахарын өвчтэй хүмүүсийн дорвитой статистик байдаггүй. Ерөнхий тоо л яриад байдаг. Сахар эдгэрдэг биш, хүндэрдэг нь илүү болжээ. Миний мэдэж байгаагаар ойролцоогоор 60-70 мянган сахартай хүн бий. Эмчийн хяналтад 45 мянга орчим, хяналтад байдаггүй маш олон хүн бий. Сахартай олон хүн эмчийн хяналтаас гадуур байгаа нь эмч, өвчтөний эргэх холбоо муу байгаатай холбоотой. Мөн сахарын өвчтэй холбоотой сургалт, мэдээлэл ховор байдаг юм байна. Олон улсын диабетын байгууллагаас аливаа улсын хүн амын 10 хувь нь сахартай гэсэн судалгаа байдаг. Би “Сахартай хүмүүсийн групп” гэдэг фэйсбүүк групп нээгээд жил болоход 22.2 мянган гишүүнтэй болсон. Хамгийн наад захын л жишээ шүү дээ. Үүнээс сахартай хүмүүс, сахарын мэдээлэл хүмүүст ямар хэрэгтэй байгааг харж болно. Энэ хугацаанд групп маань халдлагаас болж зургаа, долоон сар үйл ажиллагааг түр зогсоосон. Хэрэв ийм зүйл болоогүй бол өдийд 40, 50 мянган гишүүнтэй ч байж болох юм. Энэ нь сахартай болоод үүнтэй холбоотой мэдээлэл хэрэгтэй иргэдийн тоо олширч байна гэсэн үг. Би групптээ Америк, Орос гэх мэт орнуудад ямар эм, тариа гарч байна тэр бүгдийг судалж бичдэг.
-Сахартай 60-70 мянган хүний хэд орчим хувь нь хүндрэлтэй хүмүүс байдаг вэ?
-Тодорхой тоо хэлэхэд хэцүү. Өөрөө ч мэдэхгүй хүндэрчихсэн хүмүүс бий. Сахарын хүндрэл үс унах, ядрах, уцаарлах, хөлрөх гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Манайхан хүндрэл гэхээр заавал хөлөө тайруулах, бөөрний асуудалтай болох зэргийг тооцож гаргасан муйхар судалгаа хийдэг. Хүнд түвшний хүндрэлтэй хүн мянгаар тогтохгүй хэдэн мянгаараа байгаа. Сахарт гол нь өөрийн хяналт чухал. Би “Сахарын диабетын өөрийн хяналт ба компенсаци” нэртэй ном бичиж байгаа.
-Танаас өдөрт хэд орчим хүн ирж зөвлөгөө авч байна?
-Офисст өдөржин хүн тасардаггүй, цайны цагаас өмнө гэхэд л арваад хүн ирж зөвлөгөө авдаг. Онлайнаар бол зөвлөгөө авах хүн огт тасардаггүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан