-Эм ханган нийлүүлэх төв, эмийн сан, өрхийн эмнэлгүүдэд эм, тариа, дуслын систем, тариур тасарчээ-
Манай улс БНХАУ-аас шууд хамааралтайгаа сүүлийн үед илүү ихээр мэдрэх болов. Урд хөрш цар тахлын улмаас хилээ хааснаас манай улсын төсвийн орлого тасалдаж, хамгийн энгийндээ хүнсний дэлгүүр, эмийн сангуудын лангуу “хоосрох” боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт зах, худалдааны төвүүдэд тахианы мах, нарийн ногоо, жимс хомстож, үнэ нь тэнгэрт хадсан. Энэ талаар манай сурвалжлах баг “Барс” захад нарийн ногоо хомстож, үнэ нь нэмэгджээ”, “Хүнсгүй, хувцасгүй өдрүүд айсуй” сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл үргэлжлээд эмийн бөөний төв болон эмийн санд эм, тариа тасалдаж эхэллээ. Тухайлбал, цахим орчинд “Ногоо, жимс тасарсан ч бид мах, гурилтайгаа байхад өлсөхгүй. Харин өвдөхөд хэрэглэх эм, тариа тасрах юм бол яана. Өвдөх гэдэг өлсөхөөс өөр зүйл. Хил хаалттайгаар удах юм бол хүмүүс өвчнөө намдаах эм тариа ч үгүй үрэгдэх нь энүүхэнд болно доо. Дээрээс нь өдөрт мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч байна” гэж цахим орчинд иргэд бухимдангуй өгүүлж байна. Үүнтэй холбогдуулан бид зарим эмийн бөөний төв, эмийн сан, Өрхийн эмнэлгээр орж бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.
-ТАРИА ДУСЛЫН СИСТЕМ САРЫН ӨМНӨӨС ХОМСТОЖ ЭХЭЛСЭН-
Эмийн сан болон Өрхийн эмнэлгүүд Эм ханган нийлүүлэх төвөөс эм тариа, тариур, дусал зэргийг бөөндөж авдаг. Энэ ч утгаар бид эхлээд “Монос” эм ханган нийлүүлэх төвийн Бөмбөгөр дэх салбараар оров. Тус төв ханын тавиураар дүүрэн эм, бэлдмэл байх мөртлөө иргэдийн хамгийн ойрын хэрэгцээ болсон эм, тариа, дусал тасарчээ. Энэ талаар тус төвийн худалдагч Н.Баярмаа “ Цар тахал гарснаас хойш зарим нэр төрлийн эм, тариа ховордох болсныг бүгд л мэдэж байгаа байх. Ялангуяа наймдугаар сард коронавирусийн халдварын тоо ихсэхэд эмнэлгүүд эм, тарианы хомстолд орж, эм ханган нийлүүлэх бөөний төвүүдээс авах болсон. Үүнээс үүдэн гэрээтэйгээр түгээдэг эмийн сангуудынхаа эм тариаг ховор өгч байсан. Одоо гэхэд л манайд ковидын эмчилгээнд уух эм, бэлдмэл болон зүү, дусал тариа дууссан байна. Тухайлбал, өрхийн эмнэлгүүд эмийн багц боож эхэлснээс хойш витагрипп, пиковитт, анаферон, норов-7, сиптолин ховордсон. Цаашлаад 100, 250, 500 мл натри, 200, 500 мл рингер, 250, 500 мл пантоген, 1,2,3, 10 граммтай тариур тасарсан. Хамгийн сүүлд хил хаасан өдөр бүх эм, тариа, зүү, тариурыг эмнэлгүүд бөөндөж авсан. Өмнө нь бид нөөцөө дуусаад л, буцаан татах журмаар явж байсан. Гэтэл одоо бүр татах нөхцөлгүй боллоо. Урдаас орж ирдэг буюу иргэдийн дунд хамгийн их гүйлгээтэй байдаг эм, тариа тасрахаар үйлчлүүлэгч ч багасаж байна. Дотоодын үйлдвэрийн ажилчид нойргүй, илүү цагаар ажиллаад ч нэмэр алга” гэв.
Цааш бид “Нахиа” эм ханган нийлүүлэх бөөний төвөөр ороход мөн л дээрх эм, тариа тасарсан байх бөгөөд нөхцөл байдал ижил байв. Энэ талаар худалдагч эмэгтэй “Эм тариа тасарсан. Хил нээтэл ирэхгүй байх. Эмийн бөөний төвүүдэд тасарсан эм, дуслын систем, зүү, тариур эмийн сангуудад байх нь юу л бол. Эмнэлэгт хүртэл тасарсан байгаа” гэсэн юм.
-120 МЛ АМИНА КОМПЛЕКС НЭГ ҮЛДСЭН-
Үргэлжлүүлэн гэр хороолол болон хотын төвийн дүүргүүдэд байрлах эмийн сангаар орж, эм, тариа тасарсан нөхцөл байдлыг сонирхов. Чингэлтэй дүүргийн Таван буудалд байрлах эмийн сангаар орж, дусал тариа байгаа эсэх талаар асуухад худалдагч “200 мл амина комплекс нэг үлдсэн. Үнэ нь 12500 төгрөг. Ингээд дуслын систем дуусаж байна” гэв. Тэрбээр “Зүү, тариур, дусал тасраад дөрөв хонож байна. Гэртээ өвчтэй хүн асардаг хүмүүст хүнд байх шиг байна. Ялангуяа, натри их эрэлттэй. Ер нь зунаас хойш эмнэлгүүдэд эм, тариа, дуслын эмнэлэгт багассан гээд эмийн бөөний төвүүдээс бөөндөж аваад, эмийн сангуудад хомсдол үүсэж эхэлсэн. Долоо хоногтоо маш цөөхөн ирж, түрүүлж орж ирсэн нь авдаг. Иргэд үнэхээр тэвдэж байх шиг байна. Мах, ногоо тасрах биш хэрэгцээт эм тариа тасрах л хамгийн хэцүү байна. Дусал тарианы оронд орлуулах ч зүйл алга” хэмээн ярьж байв. Биднийг ярих зуурт хоёр ч хүн нэг удаагийн тариур, дусал асуув. Тэр бүрд худалдагч “Байхгүй ээ. Хил хааснаар тасарсан” гэж хариулж байв. Энэ мэтээр иргэд өвдсөн үедээ өвчнөө намдаах, өвчтэй нэгэндээ дусал залгах ч боломжгүй туйлдаж байгааг гэр хороололд байрлах эмийн сангаас харж болохоор байв. Харин иргэдийн сандарсан, арга мухардсан дүр төрх хотын төвд байрлах буюу багшийн дээд орчмын эмийн сангаар ороход бага харагдав. Тодруулбал, хотын төвийн эмийн сангуудад эм тарианы эрэл, сурал болсон иргэд харьцангуй цөөн байв. Худалдагчаас нөхцөл байдлыг асуухад “Эм тариа, дуслын систем тасраад арав гаруй хонож байна. Хил хааснаас үүдэн бүр тасарсан. Ер нь цар тахлын үеэр маш ховор олдож, үнэ нь жаахан нэмэгдсэн байсан. Нэг удаагийн тариур хүртэл тасарсан. Одоо манайд 100 мл натри хоёр ширхэг, 500 мл рингер нэг, 250 пантоген л байна” гэсэн юм.
-ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ТАРИУР, ТУСЛЫН СИСТЕМ ТАСАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ-
Эм ханган нийлүүлэх төв, эмийн сангаас өөр эм тариа тасарсан газар бол өрхийн эмнэлэг. Энэ ч утгаар бид Чингэлтэй дүүргийн XIV хорооны эмнэлгээр оров. Эм тариа, дуслын нөөц хэр байгаа талаар тус эмнэлгийн сувилагч Г.Базаррагчаагаас тодруулав. Тэрбээр “Манай эмнэлэг дээр нэг удаагийн тариур, дуслын систем тасарсан. Тиймээс бид иргэдэд дусал тариа хийж өгч чадахгүй, зөвхөн үзээд л эм өгөөд явуулж байгаа. Одоо өгөх эм ч ховордлоо. Эмийн багцад орох ёстой зарим чухал эм, бэлдмэл тасарсан. Өмнө нь өөр эмээр орлуулж байсан. Одоо бүр тийм зүйл ч алга” гэлээ.
Ийнхүү эмийн бөөний төв, эмийн сан, эмнэлэгт эм, тариа, дусал тасарсан байна. Үнэхээр манай улс шиг худалдан авагч оронд хамгийн том зовлон бол хил хаагдах аж. Хил хаагдсан л бол өлсөх, өвдөх, үхэх аюул тун ойр байгааг урд хөрш хэдхэн хоног хилээ хаасан өдрүүдээс харж болохоор байна.
Д.БЯМБАСҮРЭН
https://ergelt.mn/news/125/single/14819