Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Яармагт байрлах хүүхдийн эмнэлэгт нэг настай охин халуурсан байдалтай очиж эмнэлгийн тусламж авчээ. Эмч хүүхдийг үзээд өвчин намдааж, халуун бууруулах тариа болох анальгин, димедрол тариад явуулсан байна. Гэтэл маргааш нь тариа хийсэн газарт хөхрөлт үүсэн охины биеийн байдал гэнэт муудсан байдаг. Одоогийн байдлаар охин ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдэж байгаа аж.
Ямар учраас нэг настай охин нь тариа хийлгээд ийм байдалд хүрсэн талаар тодруулж өгөхийг хүсч ар гэрийнхэн нь холбогдох байгууллагуудад хандсан аж. Одоо энэ асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Э.Нандин-Эрдэнэ: Охин минь өнөөдөр арьс нөхөх хагалгаанд орно
Охины ээж Э.Нандин-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Охины биеийн байдал ямар байна вэ?
-Гайгүй ээ. Анх ирснээ бодоход арай дээрдэж байна. Гэхдээ одоог хүртэл эрчимт эмчилгээний тасагтаа хэвтэж байна. Маргааш /өнөөдөр/ арьс нөхөх хагалгаанд орно.
-Эмнэлгийн зүгээс охины биеийн байдлын талаар ямар мэдээлэл өгч байна вэ?
-Ерөнхийдөө биеийн байдал нь сайжирч тогтворжиж байгаа. Даралт, зүрхний хэм нь ч тогтворжиж байгаа гэж хэлж байгаа. Эхнээсээ шинжилгээнүүдийн хариу нь гайгүй гарч байгаа гэж хэлсэн.
-Тухайн үед охинд ямар тариа тарьсныг нь шинжлээд хариуг нь танилцуулна гэж байсан. Хариу нь гарсан уу?
-Би үүнийг нь андуурсан байна лээ. Тийм шинжилгээ биш. Зүгээр л ямар антибиотик, эмчилгээ тохирох вэ гэдгийг тодруулах шинжилгээ байсан. Миний охинд тэр тариа нь харшилсан уу, эсвэл буруу тариа хийсэн үү гэдгийг нь би мэдэхгүй байна. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаагаар шалгаад л гаргаж ирэх байх.
-Одоо Цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгаж байгаа юу?
-Тийм. Хэрэг үүсгээд шалгаж байгаа.
Zaluu.com