Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа. Энэхүү онц байдал нь ДЭМБ-аас гаргаж буй хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг бөгөөд сармагчны цэцэг өвчний халдвар олон улсад хурдацтай тархаж байна. ДЭМБ дээрх вирусийн асуудлаар онц хуралдаан зарласан бөгөөд уг хуралдааны төгсгөлд доктор Тедрос Адханом хэлснээр одоогоор дэлхийн 75 улсад 16 гаруй мянган тохиолдол бүртгэгдээд байна гэжээ. Мөн таван хүн нас барсан аж.
Өнөөг хүртэл зөвхөн Covid-19 болон полиомиелит буюу халдварт саа өвчний үед дээрх арга хэмжээг авч байв. Доктор Тедрос Адханом “ДЭМБ-ын үнэлгээгээр сармагчны цэцэг өвчний эрсдэл Европын бүс нутагтай харьцуулахад бусад бүх бүс нутагт бага зэрэг байгаа боловч бид эрсдлийг өндөр гэж үнэлж байна” гэжээ. Онц байдал зарласнаар уг өвчний эсрэг вакцин боловсруулах, вирусийн тархалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг түргэн шуурхай хэрэгжүүлэхэд дөхөм болох гэнэ. ДЭМБ-ын зүгээс олон орнуудад зориулан вирусийн тархалтыг хязгаарлах, эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамгаалах зэрэгт зориулсан зөвлөмж гаргах юм байна.