Европын холбоо гишүүн 27 улс болон Норвеги, Исланд улсад хуваарилах зорилгоор сармагчны цэцэг өвчний эсрэг 110 мянган тун вакцин худалдаж авахаар Данийн биотехнологийн компанитай захиалгын гэрээ байгуулжээ. Гурав дахь үеийн гэж нэрлэгддэг уг вакциныг одоогоор зөвхөн Европын холбоонд салхин цэцэг өвчнөөс хамгаалах зорилгоор зөвшөөрсөн ч салхин цэцэг, сармагчны цэцэг өвчний вирус нь нэг төрлийнх учраас сармагчны цэцэг өвчний халдвараас сэргийлэхэд хэрэглэж байгаа юм.
Европын холбоо сармагчны цэцэг өвчний тархалтын эсрэг хурдан бөгөөд хамтын хариу арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ үүднээс Данийн Баварийн “Нордик” биотехнологийн компаниас сармагчны цэцэг өвчний эсрэг вакциныг Европын холбооны төсвийн мөнгөөр авахаар гэрээ байгуулжээ. Зургаадугаар сарын сүүлч гэхэд Европын холбооны гишүүн орнуудад вакцины эхний түгээлтийг хийж эхлэх юм байна. Норвеги, Исланд улсууд Европын холбоонд багтдаггүй ч вакцины энэ хөтөлбөрт нэгджээ. Өчигдрийн байдлаар Европ тивийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний 900 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Европын эрүүл мэндийн комиссар Стелла Кириакидес “Өчигдөр бид гишүүн улс орнууддаа хуваарилах үүднээс сармагчны цэцэг өвчний эсрэг 110 мянган тун вакциныг төсвийн хөрөнгөөр худалдаж авахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ бол Европын эрүүл мэндийн холбооноос үзүүлж чадах шуурхай бөгөөд хамтын хариу арга хэмжээний бодит нотолгоо” гэж ярьсан байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус “Өнөөдөр бид сармагчны цэцэг өвчний эсрэг цэцэг өвчний вакциныг хэрэглэх түр удирдамжийг гаргалаа. ДЭМБ сармагчны цэцэг өвчний эсрэг нийтээр нь вакцинжуул гэж зөвлөхгүй байгаа. Салхин цэцэг өвчний эсрэг вакцин сармагчны цэцэг өвчний эсрэг тодорхой хэмжээнд хамгаалах төлөвтэй байгаа ч эмнэлзүйн мэдээлэл, нийлүүлэлтийн аль аль нь хязгаарлагдмал байна. Аливаа вакциныг хэрэглэх эсэх шийдвэрийг эрсдэлд өртөж болзошгүй иргэд болон тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага эрсдэл, үр ашгийн аль алинд нь үнэлгээ хийж байж хамтарч гаргах ёстой. Мөн вакциныг шаардлагатай газар нь тэгш хүртээх нь чухал” гэжээ.
Сармагчны цэцэг өвчин хэдийгээр хүндрэх тохиолдол ховор, нийт хүн амд учрах аюул бага гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч Баруун Европт анх бүртгэгдсэний дараа Герман, Испани, Дани зэрэг улсууд эрсдэлээс сэргийлэх үүднээс салхин цэцэг өвчний вакцин худалдаж авна гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Герман улс уг өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гэж үзсэн хүмүүсийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар хэлэлцэж байна. Өндөр эрсдэлтэй ангилалд ижил хүйсийн харилцаатай эрэгтэй хүмүүс болон сармагчны цэцэг өвчний халдвартай хүнийг эмчилж байгаа лабораторийн ажилтнууд багтаж буй юм байна.
Эх сурвалж: Moнголын мэдээ