Сармагчны цэцэг өвчин тархаж байгаагүй улс орнуудад уг өвчин дэгдэх бодит аюул нүүрлэж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал Тедрос Гебрейесус Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Тэрээр энэ өвчин дэгддэг Төв болон баруун Африкаас гадна хэд хэдэн улсад бүртгэгдсэн учраас ер бусын тархалт болж байна гэв. Энэ онд сармагчны цэцэг өвчний 1600, сэжигтэй 1500 тохиолдол 40 шахам улсад бүртгэгдээд байна. Тиймээс ДЭМБ энэ сарын 23-нд онц байдлын хороог хуралдуулж, тус халдварын дэгдэлт олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой нөхцөл байдал мөн эсэхийг үнэлж дүгнэх юм байна.
ДЭМБ дахь сармагчны цэцэг өвчний төслийн зохицуулагч Розамунд Льюис уг дэгдэлтийг цар тахал хэмээн зарлах гэж яарахгүй байгааг мэдэгджээ. Учир нь коронавирусний цар тахал дуусаагүй бөгөөд нэгэн зэрэг хоёр цар тахалтай тэмцэх маш хүнд гэсэн байна. Сармагчны цэцэг өвчин үхэлд хүргэх эрсдэл бага, эмч нар вирусний эсрэг эм бэлдмэлээр хэрхэн эмчлэх талаар мэдэж байгаа гэж хэлжээ. Энэ өвчин дэгддэг Африкийн улс орнуудад одоогоор 72 хүн нас бараад байгаа бол өвчин дэгддэггүй орнуудад өнөөдрийн байдлаар нэг ч нас баралт бүртгэгдээгүй байна.
Түүний зэрэгцээ Pfizer компанийн ерөнхий захирал Альберт Бурла Ковид-19-ийн шинэ омогт одоогийн вакцинууд тааруу үйлчилж байгаа учраас ковид дэлхий нийтийн эрүүл мэндэд сармагчны цэцэг өвчинтэй харьцуулахад харьцангуй том эрсдэл дагуулж мэдэхээр байна гэв. Тэрээр "Бид сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ цар тахалд хүргэх хэмжээний халдвартай биш. Ковид бидний гол асуудал хэвээр үлдэхээр байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС