Дэлхий дээр харааны бэрхшээлтэй 2.2 тэрбум хүн байгаа гэх статистик бий. Тэгвэл эдгээр тохиолдлын дор хаяж нэг тэрбум буюу бараг тал хувь нь харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэх судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.
Нүд бол хүний биеийн хамгийн эмзэг, чухал эрхтэний нэг. Гэвч орчин үеийн мянга мянган шинэ технологи, техникийн дэвшилтэй холбоотой амьдралын шинэ дадал хэвшилтэй холбоотойгоор гэмтэж, харааны бэрхшээлтэй болох, цаашлаад сохрох аюул нүүрлээд буй. Холын хараа муудах, нүд сохрох гол шалтгаан нь хугарлын алдаа, катарактыг засч залруулахгүй байх явдал аж. Энгийнээр тайлбарлавал, нүдний болор нь солонгон бүрхэвчийн ард байрладаг хоёр талт төвгөр линз юм. Энэ нь гэрлийн туяаг эвэрлэг дээр төвлөрүүлэх үүрэгтэй. Ямар нэг шалтгааны улмаас энэхүү болор нь хэсэгчлэн, эсвэл бүрэн бүдгэрч, булингартахыг болорын бүдэгшил гэдэг. Орчин үеийн анагаах ухаанд энэ өвчнийг “катаракта” гэж нэрлэх болсон аж. Ийн нүдний болор бүдгэрч, булингартсанаар холын хараа муудах эрсдэлтэй байдаг гэнэ.
Хязгаарлагдмал орчин буюу “Нүд”
Одоогоос 10 гаруй жилийн өмнө л хүүхдүүд гэртээ орохоо мэдэхгүй гадаа тоглодог байв. Харин орчин үед VR, ухаалаг гар утас, зурагт, интернэт орчин мэдээлэл, харилцааны талбар болсноор хүмүүсийн гадна орчинд өнгөрөөх цаг хугацаа хязгаарлагдмал, хомс болсон. Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ улам бүр нэмэгдэж, үүнээс үүдэж холын хараа муутгадаг “Миопи” гэх эмгэг нэмэгджээ. Тус нүдний эмгэгтэй хүмүүс ойрын зүйлийг сайн хардаг боловч хол байгаа зүйлс дээр фокусаа тохируулж чаддаггүй байна. Улмаар алс байгаа зүйлс бүрэлзэж, бүдэгхэн харагдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2050 он гэхэд дэлхийн хүн амын тал хувь нь миопийн өвчтэй болох магадлалтай гэж үзсэн байна. Миопи эмгэгтэй болох үндсэн шалтгаан нь хэт хязгаарлагдмал орчинд байх, хол зүйлийг харахгүй байх, нарны гэрэлд бага гарах зэрэг аж. Мөн дижитал хэрэглээ хэт өндөр буюу өдөрт наймаас дээш цаг утас, зурагт ширтэх гэх мэт гаднын хүчин зүйлээс шалтгаалж холын хараагаа алддаг байна. Хамгийн харамсалтай нь, тус эмгэгийн гол хохирогч нь хүүхэд байдаг. Учир нь бага насны хүүхэд нүдний харааны эмгэг үүссэнээс үүдэж хэл яриа, сэтгэл хөдлөл, нийгэм, танин мэдэхүйн хөгжил удааширч, насан туршийн сөрөг үр дагаварт хүргэдэг аж. Харин насанд хүрэгчдийн хувьд холын хараа муудах эмгэгтэй болсноор амьдралын чанарт сөрөг байдлаар нөлөөлдөг. Тухайлбал, хараа бага, багаар муудсанаар толгой өвдөх, ажлын бүтээмж буурах, сэтгэлийн хямрал, түгшүүрийн түвшин өндөр байх зэрэг сөрөг үр дагавар бий болдог байна.
Чихрийн шижин хараагүй болоход нөлөөлдөг
Чихрийн шижин нь цаг хугацааны явцад нүдийг гэмтээж, хараа муудах, бүр харалган байдалд хүргэдэг аюултай өвчний нэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Чихрийн шижингийн улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж судсыг гэмтээн нүдний торлог бүрхэвчийн судас бөглөрч улмаар хараагүй болоход хүргэдэг байна. Гэхдээ чихрийн шижингээ удирдаж, нүдний тогтмол үзлэг хийлгэснээр харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол Улсад жилд 2400 хүн чихрийн шижингээр оношлуулж байна гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Гуравхан сая хүн амтай улсад нэг жилийн хугацаанд 2000 гаруй хүн тус өвчнөөр шинээр өвчилнө гэдэг бага тоо биш. Үүний улмаас харааны бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэж байж ч болох юм.
УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн тасгийн эмч С.Янжмаа
Чихрийн шижингээр оношлогдсон тохиолдолд ихэвчлэн том, жижиг судасны хүндрэлүүд гарна. Тухайлбал, нүдний хараа муудах, тархинд цус харвах, хөлийн шарх үүсэх, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээстэй болдог. Хоолны дэглэм барьж, эмээ алгасалгүй уухгүй бол нүдний нарийн судсууд гэмтдэг. Ингэснээр хараа муудаж, орон зайн баримжаа алдагдана. Хэт хүчилж харснаар толгой өвдөх, сууж босоход толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Чихрийн шижингээр сүүлийн жилүүдэд хэт их таргалалттай хүүхдүүд ч өвчлөх болсон. Тиймээс эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа тогтмол хэвшүүлэх шаардлагатай.
Нүдээ хамгаалах энгийн арга
Амьдрал технологиос улам бүр хамааралтай болж буй энэ цаг үед бид гар утсаа ашиглахгүй, лед гэрлээс ангид байх боломжгүй. Харин технологийг зөв ашиглах дадал хэвшлийг өөртөө болон хүүхдэдээ суулгах хэрэгтэй. Нүдний эмч нарын зөвлөж байгаагаар хараагаа хамгаалахын тулд хамгийн эхэлж 20-20-20-ийн дүрмийг баримтлахыг нь зүй. Энэ дүрэм нь маш энгийн бөгөөд 20 минут нүдээ ачаалуулж, ойрын зүйлийг харсан бол 20 метрээс хол зайг 20 секундээс дээш хугацаанд харж нүдээ амраах хэрэгтэй юм. Мөн нүдний хараагаа муудахаас сэргийлж нүдний иж бүрэн шинжилгээ хийлгэх, цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол барих, дэлгэцийн хамгаалалтын нүдний шил зүүж хэвших гэх мэт энгийн дадлыг хэвшүүлснээр холын хараа муудах эмгэгээс сэргийлэх боломжтой аж. Мөн хараагаа хамгаалахын тулд зөв хооллолт ч чухал нөлөөтэй. Жимс, ногоогоор баялаг хоол хүнс хэрэглэх нь оновчтой. Учир нь бууцай, байцаа, лууван зэрэг хүнсний ногоо нь нүдний эрүүл мэндэд тустай. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол хамгаалалтын нүдний шил зүүх юм. Ихэнх хамгаалалтын шилний линз нь бусад хуванцраас 10 дахин хүчтэй поликарбонатаар хийгдсэн байдаг. Тиймээс нүдний харааг хамгаалахад тустай. Эцэст нь нүдээ жил бүр тогтмол үзлэгт хамруулж хараагаа тогтмол шалгуулах шаардлагатай юм. Нүдний үзлэгээр глауком зэрэг шинж тэмдэггүй өвчнийг илрүүлж болно. Тэднийг эмчлэхэд хялбар үед нь эрт илрүүлэх нь чухал юм. Нүдээ хайрлая.