Нүдээ хамгаалъя

Дэлгэцэн дээрх бичвэрийг уншихад хүндрэлтэй байна уу? Таны хараа хэвийн үү, эсвэл муудсан уу?
Коронавирус дэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ачаалал нь нэмэгдэж, улам “завгүй” болсон эрхтэн бол нүд. Цар тахлын хамгийн том хохирогч нь “нүд” юм гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Цахимаар хичээллэх, гэрээсээ ажиллах, дэлгүүр хэсэх, телевиз үзэх гээд бүх насныхны дэлгэцийн хэрэглээ цар тахлын өмнөх үеэс хэд дахин нэмэгдсэн. Ухаалаг утас болон компьютерийн хэрэглээ ийнхүү нэмэгдсэн нь нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ.
Тухайлбал, Нидерланд, Хятад улсад хийсэн сүүлийн үеийн судалгаануудад COVID-19 цар тахлын хязгаарлалтын үр дүнд хүүхдүүдийн дунд холын хараа муудах буюу “миопи” /холын харалган/ өвчнөөр өвчлөх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Энэ үзэгдлийг "хорио цээрийн миопи" гэж нэрлэжээ. Мөн Хятадад 120 мянга гаруй хүүхдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд 6-8 насны хүүхдүүд миопи өвчнөөр өвчлөх магадлал өмнөх жилүүдээс гурав дахин өндөр гарчээ. 
Хэдхэн хоногийн өмнө Хятад улс зургаа, долоон настай хүүхдүүдийн бичгийн шалгалтыг хориглохоо зарласан. Энэ нь өрсөлдөөн ихтэй боловсролын системд эцэг эх, сурагчдад үзүүлэх дарамтыг бууруулах оролдлого гэсэн юм. Хятадын боловсролын яамнаас дарамт шахалт нь сурагчдын бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна гэж мэдэгдсэн. Том хотод амьдардаг, эсвэл ахисан түвшний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчдын дунд холын хараа муудах өвчний тархалт өндөр байгаа судалгаа байдаг. Иймээс дээрх шийдвэр хүүхдийн нүдний харааг хамгаалахад эерэг нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзэж байна.
Тэгвэл манай улсын тухайд энэ хичээлийн жил танхим, цахим хосолсон хэлбэрээр эхэлсэн. Нэгэнт техник, технологи өндөр хөгжсөн мэдээ, мэдээллийн зуунд цахимаар сурч боловсрох, танин мэдэх шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байхад хүүхдийг дэлгэцээс хол өсгөнө гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ тэдний нүдийг хамгаалах хэрэгтэй. Хүүхдийн холын хараа нэг л муудсан бол биеийн өсөлтийг нь дагаад шилний хэмжээ ч мөн нэмэгдэж байдаг. Шилний хэмжээ нэмэгдэх тусам нас ахисан хойноо нүдний даралт ихсэлт, торлогийн ховхролт, нүдний болор цайх зэрэг нүдний бусад өвчнүүдээр өвдөх магадлал ихэсдэг. Иймээс хүүхдийн нүдийг хэрхэн хамгаалах талаар нүдний эмч зөвлөлөө.
“Окулопластик” нүдний эмнэлгийн эмч Л.Ариунбат:
Нүдний булчингууд ойр байгаа зүйлийг харахад агшиж, хол байгаа юмсыг харахдаа сунаж байх ёстой. Гэвч хүүхдүүд халдварын улмаас гэртээ хоригдож, дэлгэцийн хэрэглээ нь нэмэгдсэнээс үүдээд нүдэнд ойрын харааны ачаалал үүсэх болсон. Үүнээс гадна гадаа бага тоглодог, гэртээ голдуу байдаг хүүхдүүдэд, бүр тодруулбал байгалийн гэрлийн дутагдал нь хүүхдийн миопийг нэмэгдүүлэх бас нэгэн хүчин зүйл болдог гэж үздэг. 6-7 сарын давтамжтай нүдний эмнэлэгт үзүүлж, хяналтад байдаг хүүхдүүд хөл хорионы дараа үзлэгт ороход шилний хэмжээ томорч хараа муудсан тохиолдол олон байна. Шилний хэмжээнд жилд 0.50-1-ийн хооронд өөрчлөлт ороход хэвийн гэж үздэг ч хэвийн хэмжээнээс хэтрэх тохиолдол олон байна. Нүдний ачааллыг бууруулахын тулд 20-20-20-ийн дүрмийг баримтлахыг зөвлөж байна. Энэ дүрэм нь маш энгийн бөгөөд 20 минут нүдээ ачааллуулж, ойрын зүйлийг харсан бол 20 метрээс хол зайг 20 секундээс дээш харж нүдээ амраах хэрэгтэй. Мөн сургуулийн насны хүүхдүүд нүдний үзлэгт жилдээ нэг удаа хамрагдаж байхыг зөвлөе.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан