Сэрүүн орчин нөхцөл нь амьдрах хугацааг уртасгадаг байж магадгүй болохыг тогтоожээ


БЭЭЖИН. /Xinhua/.
 Хятад, Их Британийн судлаачид сэрүүн орчин нөхцөлд амьдардаг амьтдын амьдрах хугацаа илүү урт байж болохыг тогтоосон нь хүмүүсийн урт амьдрах хүсэл эрмэлзэлд сэжүүр болж магадгүй байна.Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Шэньжэний технологийн хүрээлэн, “Wenzhou” их сургууль, “Liaocheng” их сургууль, “Aberdeen” их сургуулийн судлаачид хамтран мэрэгч амьтдын биеийн температур нь тэдгээрийн амьдрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Урьд нь судлаачид бодисын солилцоо хурдан явагддаг амьтдын амьдрах хугацаа удаан явагддаг амьтдынхаас бага байдаг байж магадгүй хэмээн таамаглаж байжээ.
 
Энэхүү судалгаагаар судлаачид үхэр зусгуудыг өндөр буюу ойролцоогоор цельсийн 32.5 хэмд байлгахад биеийн температур нь өсөхийн хэрээр бодисын солилцоо нь удааширч буйг тогтоосон байна.
Ийнхүү өндөр хэмд амьдарсан үхэр зусагнуудын амьдрах хугацааг цельсийн 21 орчим хэмд байлгасантай харьцуулахад эр үхэр зусгуудынх 41 хувиар, эм үхэр зусгуудынх 28 хувиар тус тус буурсан гэж “Nature Metabolism” сэтгүүлд саяхан нийтэлсэн судалгаанд онцлон тэмдэглэжээ.
Судлаачид өндөр хэмд байгаа мэрэгч амьтдын дээгүүр жижиг сэнснүүд ашиглан туршилт хийхэд бодисын солилцооны түвшинд нөлөөлөөгүй ч биеийн температурыг нь бууруулсан байна. Улмаар биеийн температур нь буурснаар амьдрах хугацаа нь 21 хэмд байгаа амьтдынхтай ижил түвшинд эргэн очжээ. Үүний дүнд судлаачид амьдрах хугацаанд бодисын солилцооны түвшнээс илүү биеийн температур нь илүү чухал хүчин зүйл байж болох юм гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан