АНУ-д генийн хувьд хувиргасан гахайн зүрхийг анх удаа хүнд шилжүүлэн суулгажээ

БАЛТИМОР. /TASS/. Америкийн эмч нар генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгах дэлхийн анхны туршилтын мэс заслыг амжилттай хийжээ.Долоон цаг үргэлжилсэн мэс заслыг АНУ-ын Мэрилэнд муж улсын Их сургуулийн эрүүл мэндийн төвд зүрхний эдгэшгүй өвчтэй Дэвид Беннет гэх өвчтөнд гурван өдрийн өмнө хийсэн бөгөөд одоо түүний биеийн байдал сайн байгаа аж. Эмч нарын хэлж буйгаар, энэ нь 57 настай Беннетийн хувьд амьдралынх нь сүүлчийн боломж байсан бөгөөд туршилтын мэс заслыг хийлгээгүй бол нас барах нь гарцаагүй байжээ. Өвчтөн ирэх долоо хоногт эмч нарын байнгын хяналтад байх аж.
 
"Энэхүү мэс засал нь "генетикийн хувьд хувиргасан амьтны зүрх нь хүний бие махбодод шууд гологдохгүйгээр хүнийхтэй адил ажиллах боломжтой" гэдгийг анх удаа харууллаа" гэж их сургуулийн мэдээлэлд дурдсан байна.
 
Мэс заслыг хийсэн эмч нар ийм төрлийн мэс ажилбарын ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бөгөөд донор эрхтний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд ойртуулна гэж үзэж байна. Амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг ксенотрансплантаци гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн эмч нар өргөнөөр судалж байгаа юм.
АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр, одоогийн байдлаар тус улсад 110 мянга орчим хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх ээлжээ хүлээж байгаа бөгөөд жил бүр 6 мянга орчим өвчтөн мэс заслаа хүлээж чадалгүй нас бардаг байна. Ксенотрансплантаци нь олон мянган хүний амь насыг аврах боломжтой боловч шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм нь хүлээж авахгүй байх зэрэг өвчтөний хувьд үхэлд хүргэж болзошгүй эрсдэлтэй байдаг аж.
 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан