Энхийг сахиулагчдын шинжилгээнээс “S” генийн алдагдал илэрчээ

Сүүлийн хоёр хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдлээ. Оны өмнө 250 руу орсон халдварын тархалт өнгөрсөн хоногт 585 болж, гурван хүн эндлээ. COVID-19 ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд "ДЭМБ Омикрон хувилбарыг бүртгэснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдээд байна. Энэхүү хувилбарын халдварлах чадвар маш өндөр, хурдан тархаж байгаа. Голлох шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэргээр илэрч байгаа. Энэ нь амьсгалын дээд замын буюу томуу төст өвчинтэй адил шинжтэй.Манай улсын хувьд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлж байгаа. Энэ нь шинэ жилийн арга хэмжээ, хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш хилийн тандалтыг эрчимжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 104 онгоцоор 10544 зорчигч ирсэн. Тэднээс 411 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, батлагдсан. Эдгээр тохиолдлууд дотор энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчийн 231-ээс нь халдвар илэрсэн. Тэдний 96 хувь нь хөнгөн, үлдсэн дөрвөн хувь нь хүндэвтэр хэлбэртэй байна. Манай улсад вирусийн хувилбар тогтоох зорилгоор геномын дараалал тогтоодог аппаратыг арванхоёрдугаар сард суурилуулсан. Өнгөрсөн сарын 20-ноос шинжилгээ хийж эхэлж байгаа. Эцсийн хариу  гараагүй байна. Тодорхой үе шаттай хийгддэг учир шинжилгээний хариу хүлээгдэж байна. Мөн өнгөрсөн гурван сарын 100 сорьцыг Япон улс руу илгээсэн. Өмнө нь альфа, дельта хувилбарыг тодорхойлохын тулд тус улс руу сорьц илгээж байсан. Хариу нь энэ сарын сүүлээр ирнэ” гэлээ.
 
Урьдчилсан байдлаар энхийг сахиулагчдаас S генийн алдагдал илэрсэн байх боломжтой гэж үзжээ. Гэхдээ энэ нь эцсийн хариу биш. PCR шинжилгээн дээр тусгай вариант ашигладаг оношлуурыг ашигладаг. Ингэхэд S ген тодорхойлогдохгүй хэд хэдэн тохиолдол гарсан. Үүнийг дараагийн шатны шинжилгээгээр геномын дараалал тодорхойлдог аппаратаар баталгаажуулах юм байна.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэд сайн дураараа дөрөвдүгээр тунд хамрагдаж болно гэдгийг албан ёсоор зарлалаа. Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48.2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.
 
Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг уриаллаа.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан