Депресс буюу сэтгэл санааны гүн хямралын шинж тэмдэг нь ерөнхийдөө гуниглах, түгших, сөрөг зүйл бодох болон өөрийгөө бусдаас тусгаарлахаар илэрхийлэгдэнэ. Гэхдээ зарим тохиолдолд эдгээр шинж тэмдгээс бусад онцгой шинж тэмдэг илрэх нь ч бий. “Би депресстээд байна" гэж сүүлийн үед хүмүүс маш ихээр ярих болсон хэдий ч уйтгар гуниг болон бодит депрессийн ялгааг төдийлөн мэддэггүй. Уйтгар гуниг нь хэдийгээр хүнд байдаг ч хэсэг хугацааны дараа арилах бол депресс нь өвөрмөц шинж тэмдэг бүхий сэтгэцийн эмгэг юм.
Судалгаанаас харахад, депрессийн нийтлэг шинж тэмдэг нь тайван бус, ганцаардмал, аливаа зүйлийг үл тоомсорлосон байдалтай байдагт оршино. Насанд хүрэгчдийн дунд сэтгэл санааны гүн хямрал элбэг тохиолддог байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд энэхүү хямралд өртөх нь элбэг байдаг аж.
Депрессийн хэд хэдэн төрөл байдаг. Зарим нь амьдралын тодорхой ямар нэг үйл явдлын дараа тохиолддог. Жишээлбэл: Төрсний дараа, гэмтэх, гашуудал тохиолдох эсвэл улирлын чанартай гэх мэт. Өөр нэг хувилбар нь архаг сэтгэл санааны хямрал бөгөөд энэ нь урт хугацааны туршид буюу 2 болон түүнээс дээш жил үргэлжилдэг байна.
Харин та сэтгэл санааны гүн хямралд орж байсан уу?
Нойргүйдэл, бусадтай харьцах хүсэлгүй болох, тогтмол гуниглах, сөрөг бодол бодох зэрэг нь сэтгэл санааны хямралын нэг шинж тэмдэг билээ. Тэгвэл хүн бүрийн мэддэггүй шинжүүд ч энэхүү хямралыг илэрхийлдэг байна.
1. Өмнөхөөсөө илүү бухимдалтай болох
Өмнө нь таны санааг зовоодоггүй байсан зүйлс одоо анхаарлыг тань маш ихээр татаж, бухимдлыг тань төрүүлж байна уу. Энэ нь сэтгэл санааны гүн хямралын тархмал шинж тэмдэг боловч хүмүүс төдийлөн анзаардаггүй. Ууртай хүнийг болон сэтгэл санааны гүн хямралд орсон хүнийг ялгахад ихээхэн төвөгтэй байдаг.
2. Хуучнаа дурсах
Заримдаа хуучнаа дурсах таатай байдаг ч тогтмол өнгөрснөө дурсаж гуниглах нь депрессийн нэг шинж тэмдэг юм. Сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүс заримдаа хэцүү үеийг давж туулахын тулд ийнхүү хуучнаа дурсдаг байна.
3. Өтгөн хатах
Судалгаанаас харахад өтгөн хаталт болон сэтгэл санааны гүн хямрал нь хоорондоо холбоотой болох нь тогтоогджээ. Өтгөн хаталтын шинж тэмдэгтэй хүмүүсийн 33% нь депресстэй болох нь батлагдсан аж. Хэрвээ та өтгөн хаталтын асуудалтай бол эмчтэй ярилцаж үзээрэй.
4. Завтай үедээ түгших
Ихэнхи хүмүүс ээлжийн амралтаа тэсэн ядан хүлээдэг бол сэтгэл санааны гүн хямралд орсон хүн амрахаас илүү ажлаа хийхийг илүүд үздэг байна. Учир нь чөлөөт цаг түүнд түгшүүрийг мэдрүүлэх болно.
5. Анхаарал төвлөрөхгүй байх
Сэтгэл санааны гүн хямралтай зэрэгцээ орших сөрөг бодлууд нь таны анхаарлын түвшинг бууруулах магадлалтай. Харамсалтай нь заримдаа эмч нар оношийг “анхаарал хомсдлын хэт эмгэг”-тэй андуурах тохиолдол гардаг бөгөөд энэ нь мэдээж эмчилгээний чанарт нөлөөлнө.
6. Өмнөхөөсөө илүү түргэн зантай болох
Та тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авах хангалттай мөнгөгүй хэрнээ интернэт дэлгүүрээс хийх худалдан авалтаа зогсоож чадахгүй байна уу. Тэгвэл энэ нь таны сэтгэл зүйтэй холбоотой байж болох юм. Хэдийгээр уг шинж тэмдэг нь төдийлөн тархмал биш хэдий ч заримдаа хэт түрэмгий байдал нь яаралтай шийдвэр гаргаж түгшүүрийг “дарах” гэсэн оролдлого болдог аж.
7. Хачирхалтай өвдөлт мэдрэх
Сэтгэл санааны гүн хямралд орсон хүмүүсийн гуравны хоёр хувь нь тархины үйл ажиллагаа алдагдсанаас болж ямар нэг өвдөлтийг мэдэрдэг. Энэ тохиолдолд онцгой анхаарал шаардах бөгөөд эмч нар үндсэн оношийг мэдэхгүйгээр таны бие махбодийн өвчнийг анагаах гэж оролдох юм. Хачирхалтай өвдөлт нь өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж буй хүмүүстэй илүү тохиолдоно.
8. Өөрийгөө тогтмол буруутгах
Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өөрийгөө тогтмол буруутгах нь депрессийн нэг хэлбэр гэнэ. Жишээлбэл: ажлын төсөл тань амжилтгүй болох үед багаараа ажиллаж байсан ч та өөрийгөө буруутгадаг.
9. Хайрст үлд гарах
Хайрст үлд гэдэг бол арьсны өвчин бөгөөд арьсыг хуурайшуулсан улаан-саарал толбо гарахыг хэлдэг. Судалгаанаас харахад хайрст үлд өвчтэй хүмүүсийн 62% нь сэтгэл санааны гүн хямралтай байсан гэнэ. Энэхүү өвчин архаг үрэвсэлтэй хамт дагалддаг учир сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх нь мэдээж.
10. Хувийн ариун цэвэр алдагдах
Архаг депресстэй хүмүүсийн хувьд хувийн ариун цэврээ сахихад сөргөөр нөлөөлдөг. Учир нь түгшүүртэй, дарамттай байдлаас болж тэд өөрийгөө бусдаас тусгаарлаж байгаад оршино. Хувийн ариун цэврээ сахихаа болих нь сэтгэл санааны гүн хямралын нэг шинж тэмдэг шүү.
Дээр дурдсан шинж тэмдгүүдээс танд илэрч байвал та мэргэжилтэнд хандах эсвэл ойр дотны хүмүүсээсээ тусламж хүсээрэй. Учир нь депресс нь тархины биохимийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд үүнийг зөвхөн эмч л эмчлэж чадна.
https://www.caak.mn/view/8289275/