КОВИД-19 өвчний хурц үед өвчтөнүүдэд ухаан самуурах, дэмийрэх, удаан хугацаанд сэтгэл санааны хямралд орох, гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинж тэмдэг илэрч болзошгүй гэж Британийн эрдэмтэд үзэж байна.
Lancet сэтгүүлд хэвлэгдсэн тэдний судалгаанаас үзвэл, томууны цар тахлын үр дагавар өвчтөнүүдэд сэтгэцийн өөрчлөлтийн хэлбэрээр илэрч байсан тул бусад вирусний халдварт өвчин сэтгэцийн эмгэг үүсгэх боломжтой аж. Эрдэмтэд амьсгалын замын цочмог хам шинж /SARS/ болон Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж /MERS/-тэй холбоотой 72 судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Өвчний хурц үед SARS, MERS халдвар авсан 129 өвчтөний 36-д нь ухаан самуурах, 42-д нь гутралд орох, 46-д нь сэтгэл түгших, 44-д нь ой тогтоолт муудах, 54-д нь нойргүйдлийн шинж тэмдэг илэрчээ. Эмнэлгээс гарсны дараа өвчтөнүүдийн 32.2 хувьд гэмтлийн дараах стрессийн эмгэг, 14.9 хувьд нь сэтгэл гутрал, 14.8 сэтгэл түгших шинж тэмдэг илэрч байжээ. Хүнд хэлбэрийн КОВИД-19 өвчин туссан өвчтөнүүдэд ухаан самуурах, төвлөрөх, хүлээн авах, сэтгэн бодох чадвар алдагдаж, сэтгэл хөдлөл багасах, дэмийрэх шинж тэмдэг илэрч байсан нь судалгаагаар мөн тогтоогджээ.