“Pfizer” компани “COVID-19”-ийн эмээ хөгжиж буй орнуудад үйлдвэрлэхийг зөвшөөрнө

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Pfizer” компани “COVID-19”-ийн туршилтын эмээ хөгжиж буй 95 оронд үйлдвэрлэж, худалдаалахыг зөвшөөрөх гэрээ байгуулжээ.НҮБ-ын дэмжлэгтэй “Medicines Patent Pool” байгууллагатай байгуулсан энэхүү гэрээ нь эмийг дэлхийн хүн амын 53 хувьд хүртээх боломжийг бүрдүүлж байна. 
Гэхдээ “COVID-19” өргөн тархаад буй Бразил гэх мэт хэд хэдэн орныг оруулаагүй байна. “Pfizer”-ын мэдэгдсэнээр, энэхүү эм нь насанд хүрсэн эмзэг хүн амын халдвар хүндрэх эрсдэлийг бууруулж байгаа юм.
 
“Pfizer” бага орлоготой орнуудын борлуулалтаас роялти авахгүй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “COVID-19”-тэй холбогдуулан онцгой байдал тогтоосон хэвээр байгаа цагт гэрээнд орсон орнуудыг роялтинаас чөлөөлнө гэдгээ мэдэгджээ.Энэ сарын эхээр “Pfizer” компани “COVID-19”-ийн “Паксловид” эм нь эмнэлзүйн туршилтаар өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 89 хувиар бууруулж буйг тогтоосноо мэдээлсэн юм.
 
“Medicines Patent Pool” байгууллагын тэргүүн Чарльз Гор лицензийн талаар хэлэхдээ, дотуур ууж хэрэглэдэг энэхүү эм нь бага, дунд орлоготой орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд өвчтөнүүдийн амь насыг аврахад амин чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.
Гэрээнд Африк, Азийн орнууд голчлон багтсан ч Бразил, Хятад, Орос, Аргентин, Тайланд зэрэг халдвар өргөн тархсан орнууд ороогүй байна. Зарим шинжээчийн хувьд энэхүү баримт бичгийг “COVID-19”-ийн эмчилгээ, вакциныг хүртээмжтэй байлгахад хангалтгүй гэж үзэж байна.
“Pfizer” тэргүүтэй эмийн компаниуд нь “COVID-19”-ийн вакцинуудынхаа патентыг цуцлах уриалгыг хүлээн авахаас цааргалсаар ирсэн юм. Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэгийн зүгээс дээрх гэрээгээр “Pfizer”-ын эмийг дэлхий даяар хэрэглэх боломжийг нээгээгүйд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлжээ.
“Цар тахлыг хяналтад авахын тулд “COVID-19”-ийн тархалтыг хумих эмнэлгийн хэрэгслүүдийг хүн бүхэнд, хаа сайгүй хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэдгийг одоо дэлхий дахин мэддэг болсон” гэж тус нийгэмлэгийн хуулийн бодлогын зөвлөх Юаньчион Ху мэдэгдсэн байна.
Энэ оны 10 дугаар сард Америкийн “Merck” эмийн компани мөн “COVID-19”-ийн “Молнупиравир” эмээ үйлдвэрлэхийг эм үйлдвэрлэгчдэд зөвшөөрөх гэрээг “Medicines Patent Pool” байгууллагатай байгуулсан билээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан