Монголчуудад улирлын чанартай харшил зонхилж байна

Монголын харшил судлалын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар Монгол Улсад таван хүн тутмын нэг нь ямарваа нэгэн төрлийн харшилтай болох нь тогтоосон байдаг. Харин дэлхий дахинд харшлын тархалт жилээс жилд өсөж, долоон тэрбум гаруй хүний 40 хувь нь харшлаар өвчилсөн тухай судлаачид мэдээлж байна. Иймд бид харшлын улирал болж байгаатай холбогдуулан харшил үүсгэх гол шалтгаан болон хэрхэн эмчлэх талаар сурвалжиллаа.

    Автобуснаас буух бүсгүй амсхийх чөлөөгүй найтаалгав. Хүмүүс түүнийг сэжиглэнгүй харцаар харж, зарим нэг нь зайгаа барина.  Тэрбээр олон найтаасандаа санаа зовсон бололтой хурдан, хурдан алхана. Автобус хүлээж байсан нас тогтсон эмэгтэй “Эвий минь харшилтай юм байхдаа. Нүд нь бүр улайчихаж” гэхэд түүнтэй явсан эрэгтэй “За мэдэхгүй ээ, ковидтой ч юм билүү хэн мэдлээ” гээд ширэв татав. Тэдний яриаг сонсохын зэрэгцээ эргэн тойрноо ажиглавал нүд нь бүлцийж, хааяахан нусаа татах иргэд цөөнгүй харагдлаа.

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

      Арьсны өвчин судлалын үндэсний төвийг зорин ирэх хүмүүс олон. Хаалгаар нь дөнгөж ороод хармагц өрөө болгоны өмнө урт цуваа үүсжээ. Хүлээлгийн өрөөний гадна таван настай болов уу гэмээр бяцхан охин биеэ маажиж, гэдсээ базлан, тасралтгүй уйлагнана. Ээж нь яах учраа олохгүй охиноо тэврэн нааш, цааш  холхих аж. Охины бие тэр чигтээ тууралт өгсөн байлаа.
Охины ээж Б.Тунгалаг Охины маань гэдэс базалж өвдөөд, шөнө унтаж өгөхгүй уйлаад байх юм. Би мухар олгой юм болов уу гэж бодоод эмчид үзүүлтэд чонон хөрвөс  гэдэг онш сонслоо. Бид хоёр хэд хоногийн өмнө эмчид үзүүлээд сайхан болсон байсан юм. Гэтэл өнөөдөр дахиад л тууралт гараад эхэллээ. Яах учраа олохгүй л сандарч явна даа” гэж хэлээд толгойгоо сэгсрэв.
Э.БАТЧИМЭГ: ЭЦЭГ ЭХЧҮҮД ДУР МЭДЭН ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ ХҮҮХДИЙНХЭЭ ХАРШЛЫГ ХҮНДРҮҮЛДЭГ 
     Улирлын чанартай харшлын талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн их эмч Э.Батчимэгээс тодруулахад Арьсан дээр тууралтаар илэрдэг харшлын төрөл олон янз байдаг. Жишээлбэл уусан эм эмийн бүтээгдэхүүн, химийн эм бодис, арьсанд хүрэлцсэн биет зэргээс харшилж болно. Харшлын үед гистамин гэх бодис их хэмжээгээр ялгардаг. Энэхүү бодис нь бие мах бодийн харшлын загатнаа, сэдрэлийг ихэсгэдэг. Тухайлбал шарсан тахиа, пицца, амталсан, даршилсан ногоо, амтлагч, төрөл бүрийн амттан зэргийг идэх үед гистамин ихээр ялгардаг. Арьсан дээр тууралт гарсан тохиолдолд шууд эмчид хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж харшлыг улам хүндрүүлдэг.
     Үүнээс гадна хүүхдээ харшилтайг мэдсээр байж харшлыг сэдрээх хүнсний бүтээгдэхүүнийг идүүлдэг. Харшилтай хүүхдүүдийн хувьд хооллолт маш чухал байдаг. Бага насны хүүхдүүдийн дунд Атопийн дерматит хэмээх өвчин элбэг тохиолддог. Энэ бол харшлын суурьтай өвчин. Ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг. Ийм хүүхдүүдэд арьс арчилгаа маш чухал. Атопийн дерматиттай тохиолдолд харшлаа сэдрээж байгаа зүйлээс аль болох зай барих ёстой. Үүнээс гадна эмзэг мэдрэмтгий хүүхдүүдэд антибиотикийг хэрэглэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа чихэрлэг амттай сиропоос хүүхдүүд их харшилдаг. Зарим харшлын эмийг хэрэглэх нь нойр хүргэх, нойрмоглуулах зэрэг гаж нөлөөг үзүүлдэг, хүүхдийн нас, биеийн жинд эмийн тунг тохируулж хэрэглэх шаардлагатай гэлээ.
         Эмчийн өрөөнөөс гарахтай зэрэгцэн хэвтэн эмчлүүлж буй хоёр охин үүдний өрөө рүү гүйж байгаа үзэгдэв. Гэрээс нь эргэлт ирсэн бололтой охины нүүрэнд инээмсэглэл тодорно. Охин эмээ рүүгээ дөхөн Та миний захисан юмыг авчирсан уу хэмээн шивнэхэд эмээ нь Эмч чамайг шарсан тахиа идэж болохгүй” гэж хэлсэн хэмээн учирлангуй хэлэх аж. Харин охин Өө би найздаа өгнө гээд амлачихсан байсан шүү дээ гээд хошуугаа цорвойлгож, эрхэлнэ.

Э.ЭНХСАЙХАН: ГОРМОНЫ ТАРИЛГА ХҮНИЙ БИЕД ГАЖ НӨЛӨӨТЭЙ

Монгол Улсад зонхилох улирлын шинжтэй харшил, өвчний талаар Арьс, харшлын их эмч Э.Энхсайханаас тодрууллаа.
        Тэрбээр “Харшлын төрөл зүйлийг тоочих боломжгүй. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл харшил төрүүлэх чанартай. Харшлын шинж чанар удамшдаг. Эцэг эх нь хоёулаа харшилтай бол харшилтай болох магадлал 75 хувь байдаг. Харшил гэдэг бол дархлаа тогтолцооны гажуудал юм. Дархлааны системийн доголдлоос болж харшил үүсдэг. Эцэг эхээс харшламтгай шинж чанар удамшсан тохиолдолд харшлаас сэргийлэх боломжгүй байдаг. Харшил бол хотжилттой холбоотой үүссэн өвчин. Хэтэрхий цэвэрхэн байснаас болж бидний бие дэх ашигтай бактери устдаг. Байгаль дэлхийтэйгээ харилцан уялдаатай байснаар харшилтай болох магадлал багасна. Хүүхдээ бага байхад нь нар, усаар чийрэгжүүлэх хэрэгтэй.
        Сүүлийн үед хүмүүс дур мэдэн гормоны тарилга хийлгэх болсон. Гормоны тарилга харшлын үндсэн эмчилгээнд ордоггүй. Бид өвчиднүүддээ гормоны тарилгыг төдийлөн зөвлөөд байдаггүй. Учир нь энэхүү тарилга нь хүний биед гаж нөлөөтэй. Олон удаагийн давтамжтай хэрэглэвэл дааврын өөрчлөлттэй болж, ясны сийрэгжилт, зүрх судасны өвлөлд өртөх, үргүй болох аюултай. Гормоны тарианы хор уршгийг төдийлөн сайн мэддэггүйн улмаас иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулдаг. Өөртөө таарсан зөв эм хэрэглэж байж харшил намдана. Харшлыг дан ганц эмээр намдаах боломжгүй. Байнгын дэглэмийг эмтэй хавсарч байж зовуурь дарагддаг. Харшлын өвчнийг эмчлэхгүй байх нь астма, боронхиттой болох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Ургамлын харшилтай хүн хориглосон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болж харшлын хүнд урвал буюу хоолой ам боох, ухаа алдаж унах, бачуурах гэх мэт шинж тэмдэг илэрдэг” гэлээ.

Эм зүйч Д.ЦОЛМОН: Өдөрт эмийн сангаар үйлчлүүлж байгаа иргэдийн 70 орчим хувь нь харшлын эм авдаг

      Арьсны өвчин судлалын үндэсний төвөөс гарч, ойролцоох эмийн сан руу оров. Тус эмийн сангийн эм зүйч Д.Цолмон “Өдөрт манай эмийн сангаар үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 70 орчим хувь нь харшлийн эм авч байна. Өдөрт нэгээс хоёр хүн гормоны тариа авч байна. Уг тарилга нь манай эмийн санд 800 төгрөгөөр зарагддаг. Ихэнх иргэд эмчийн жоргүйгээр харшлын эм авдаг” гэв. Биднийг ярилцаад удаагүй байтал гаднаас 20 орчим насны дэгжин хувцасласан эмэгтэй “Эгч ээ, нэг ризин авъя” гэсээр орж ирлээ. Тэрбээр “Би төрөхдөө л харшилтай төрсөн. Чихрийн, ургамлын, тоос, халуун ногоо гэх мэтээс харшилтай. Харшилдаг хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй л байвал харшил сэдрэх нь гайгүй байдаг” хэмээсэн юм.

 
М.ХОНГОРЗУЛ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан