АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар 12-15 насныханд BioNTech, Pfizer-ийн хамтран боловсруулсан Ковид-19-ийн эсрэг вакцин хийх зөвшөөрөл олгосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Канад улс тавдугаар сарын 5-ны өдөр энэ насны хүүхдүүдэд Pfizer-ийн вакцин хийхийг зөвшөөрчээ.
Тэгвэл Монгол Улсад ирэх долоодугаар сараас өмнө хүүхдэд зориулсан вакциныг татан авна гэж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурлаар зарлав.
Насанд хүрэгчдэд вакцин аюулгүй гэж үзсэн тул вакцины туршилтыг хүүхдүүдэд эхлүүлсэн бөгөөд туршилт амжилттай болсны дараа шаардлагатай зөвлөмжүүдийг гаргана гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Хүүхдүүдэд вакцин хийж эхлээгүй байгаа тул тэднийг олон нийтийн хөлөөс хол байлгах, зай бариулах, гарыг нь байнга угаалгах, ханиаж найтаахдаа ам, хамраа дарж байхыг сануулах, амны хаалт зүүлгэх зэрэг арга хэмжээг авсаар байхыг ДЭМБ-аас сануулж байна.
Монгол Улсад Ковидын халдвар илэрсэн 9679 хүүхэд /тавдугаар сарын 10-ны байдлаар/ байгаа бөгөөд нийт халдвар авагсдын 21,3 хувийг эзэлж байна.