Сүүлийн үед Хятад вакцинтай холбоотой эргэлзээтэй мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр ихээхэн гарах болов. Дэлхийн 10 гаруй оронд эмнэлзүйн туршилтыг нь хийж, хангалттай үр дүн үзүүлсэн Синофарм төвийн вакциныг төдийлөн өндөр үр дүн үзүүлдэггүй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр ч ихээхэн тархсан юм. Манай улсад олон хүнд эхний тунг нь хийсэн энэ вакциныг Гүрж улс энэ долоо хоногт хүлээн авчээ. Гэхдээ ДЭМБ Синофармын вакциныг баталгаажуулсны дараа ашиглахаар шийдсэн талаар Спутник агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн энэ агентлаг Гүржийн халдвар судлаач нараас Хятадын вакцины үр дүнгийн талаар тодруулжээ.
Хятадын Синофарм вакцины үр дүн 79-86 хувьтай, Синовак зарим оронд 51 хувь харин заримд нь 70 хувийн үр дүн үзүүлсэн гэж Гүржийн Өвчний хяналт, ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Амиран Гамкрелидзе мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, вакцины үр дүнтэй холбоотой саяхны мэдэгдэл Синофарм биш Синовак вакцинтай холбоотой гэнэ. Дэлхий даяар 100 сая тун Синофарм, 60 сая тун Синовак вакциныг тарьсан гэдгийг Гамкрелидзе онцолсон байна. Турк, Хятад, Азербайжанд Синовак вакциныг өргөн ашиглаж байгаа бол Бразил, Чили улсууд энэ вакциныг их хэмжээгээр худалдан авсан байна.
"Хятадын Өвчний хяналтын төвийн захирал өнөөдрийн вакцинууд нь цар тахлын үеэр хойшлуулашгүй тохиолдлуудад ашиглагдаж байгаа гэж мэдэгдсэн. Тэдгээрийн вирусээс хамгаалах үр дүн харилцан адилгүй. Вакцины үр дүн 50 хувийн босгыг давсан бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тухайн вакциныг ашиглахыг зөвшөөрдөг. Вакцины үр дүн 50 хувиас дээш бол түүнийг зах зээлд гаргадаг юм" хэмээн Гүржийн Өвчний хяналт, ниймгийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга тайлбарлажээ.
Түүнчлэн, вакцин нь хоёр хүн тутмын нэгийг төрөл бүрийн хүндрэлээс хамгаална, хамгийн чухал нь нас баралтаас сэргийлнэ гэж тэрбээр онцолсон байна. Харьцуулвал, өдгөө дэлхий даяар ашиглагдаж буй томууны вакцины үр дүн 60-80 хувьд хэлбэлздэг, гэсэн ч хүмүүс халдвар авахгүй эсвэл өвчнийг хөнгөн тусахын тулд вакцин тариулдагийг Гүржийн эрдэмтэн онцолжээ.
"Ковидын вакцин яг л ийм зориулалттай. Хятадын төлөөлөгчийн хэлсэн үгийг буруу тайлбарласнаас үүдэн Хятад вакцин үр дүнгүй гэх ойлголт хүмүүст суусан" хэмээн тэрбээр онцолсон байна.
Хятад вакцины талаар
Өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүдээр Хятадын вакцин үр дүн багатай талаарх мэдээлэл гарсан юм. Харин Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу энэ мэдээллийг няцаан, "үл ойлголцлоос үүдсэн" ташаа мэдээлэл хэмээсэн. Түүний мэдэгдэлд "вакциныг сайжруулах ёстой" гэсэн үг өгүүлбэр багтсан нь "үр дүн багатай" гэсэн ойлголтыг төрүүлсэн гэх бөгөөд Гао Фу "өнөөдөр ашиглагдаж байгаа вакцинуудыг цаашид боловсронгуй болгох ёстой гэж хэлсэн нь үр дүнгүй гэсэн үг биш" хэмээн залруулсан байна.
Хятадын Синофарм вакцин уламжлалт технологи буюу идэвхгүй болгосон вирусийн үндсэн дээр бүтээгджээ. Синофарм компани энэ вакциныг Ухань дахь Вирус судлалын хүрээлэн болон Биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран боловсруулсан юм.
Вирусийг идэвхгүй болгох нь вакцин бүтээх хамгийн эртний, найдвартай аргуудын нэг гэж үздэг. Энэ технологиор татран, В гепатит, халдварт саа, хөхүүл ханиад, сахуугийн вакциныг боловсруулж байжээ. Сул тал нь идэвхгүй болгосон вирусийн үндсэн дээр боловсруулсан вакцин дархлаа тогтоохын тулд нэмэлт тун шаардагддаг гэнэ.
Энэ вакциныг 2020 оны 12 дугаар сард Хятадад бүртгэсэн. Үр дүнгийн талаарх нарийвчилсан мэдээлэл байхгүй ч Синофармын охин компани болох Хятадын үндэсний биологийн группийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар энэ вакцин 79.34 хувийн үр дүнтэй аж. Синофармын вакциныг Хятадаас гадна Арабын Нэгдсэн Эмират Улс, Серби, Унгар, Бахрейн, Египет, Пакистан, Сингапур, Индонез, Тайланд болон Өмнөд Америкийн орнуудад ашиглаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Shuud.mn