Коронавирусээс сэргийлэх, Орост гарган авсан "Спутник Лайт" вакцины эмнэлзүйн туршилтууд дуусч, албан ёсоор бүртгүүлэхээр бичиг баримтыг бэлдсэн гэж Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. Энэ вакциныг бүртгүүлснээр дөрөв, тавдугаар саруудаас вакцинжуулалтад ашиглаж эхлэх юм байна.
"Спутник Лайт" нь Гамалеян нэрэмжит төвийн боловсруулсан "Спутник V" вакцины хялбаршуулсан хувилблар бөгөөд ердөө нэг тунгаас бүрддэг, нэг удаа тариулахад л хангалттай юм.
Боловсруулагч эрдэмтийн өгүүлснээр, "Спутник Лайт" нь "Спутник V" вакцинаас үйлчлэх хугацаа нь бага, 3-4 сарын хугацаанд дархлаа тогтоодог гэнэ. Энэ вакциныг өвчлөлийн оргил дээрээ яваа, богино хугацаанд аль болох олон иргэнийхээ амь насыг аврах хүсэлтэй олон оронд ашиглавал үр дүнтэй, шуурхай шийдэл болно гэж Гамалеягийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург мэдэгдэж байв.
Түүнчлэн, "Спутник Лайт" вакциныг "Спутник V"-ыг орлуулах гэж бүтээгээгүй, гол зорилго нь хүн амыг хурдацтай вакцинжуулах, өвдөөд эдгэрсэн хүмүүсийн дархлааг дэмжих явдал гэж Гинцбург онцолж байлаа.
Энэ вакцины олон улсын эмнэлзүйн туршилтууд хоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн юм. Туршилтуудад ОХУ болон Арабын Нэгдсэн Эмират Улсын 6000 сайн дурын хүн оролцжээ.