Вакцин урагт нөлөөлөхгүй, хөхүүл эхчүүд хийлгэж болно

Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох эсэх талаар иргэдийн дунд асуулт байсаар байна. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны дөрөвдүгээр сарын 8-ны хэвлэлийн хуралд дээр тодрууллаа.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Ойрын хугацаанд буюу 2-3 сардаа жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүс вакцинд хамрагдахгүй байж болно. Бусад тохиолдолд вакцинд хамрагдах нь нээлттэй. Хөхүүл хүн вакцинд хамрагдаж болно. Эмчтэйгээ зөвлөж байгаад вакцинаа тариулна" хэмээсэн юм.
Харин ХӨСҮТ-өөс "Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахгүй. Магадгүй жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүд эмчтэйгээ зөвлөлдөөд тухайн вакциныг бүрэн тунгаар авч чадах эсэхээ зөвлөлдөх хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийнэ" гэв.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 9-ний ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны эх, барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Д.Мөнхцэцэг эмч "Вакцин хийлгээгүй тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсны дараагаар хүндрэх эрсдэл өндөр. Вакцин нь эх болон урагт нөлөөлөхүйц амьд вирустэй биш. Харин ч эрсдэлтэй хүмүүст илүү их ач холбогдолтой гэж үзэж байна.
Спутник вакциныг жирэмсэн үед хийхгүй гэж байгаа бол Moderna, PFizer нь эрсдэлтэй, жирэмсэн эмэгтэйчүүдэд илүүтэй хийхийг зөвлөж байна. Аль ч төрлийн вакциныг хийлгэчихсэн байхад ураг болон эхэд эрсдэлгүй. Хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд хийлгэх хэрэгтэй. Эсрэг заалт байхгүй. Халдвар авсан ээж ч хүүхдээ хөхүүлж болно. Вакцин хийсний дараа хүүхэд хөхүүлэхэд аюул байхгүй" хэмээсэн юм.
ДЭМБ-ын зөвлөгөөнд "КОВИД-19 вакцинд жирэмсэн эмэгтэйчүүд эмзэг байгаа боловч урт хугацааны судалгаагүй шинэ вакцин тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхийг зөвлөхгүй байна. Хэрэв хийлгэхээр бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Харин хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэж болно. Энэ нь эх болоод хүүхдэд ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд хөхөөр хооллоход асуудалгүй" гэжээ.
Иймд иргэд дархлаажуулалттай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авна уу.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан