Энэ сарын 23-наас вакцинжуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эхний ээлжинд хүн амынхаа 20 хувийг хамруулахаар бэлдэж байна. Мөн үлдсэн хүн амаа дархлаажуулах ажил дээр Засгийн газар ажиллаж байна. Манай улс коронавирусийн эсрэг бүтээгдсэн вакцинуудыг хадгалах, түгээх тоног төхөөрөмж, хүн хүчээр бүрэн хангагдсан.
Pfizer -70 хэмд хадгалж, тээвэрлэх горимтой. Гэхдээ 2-8 хэмд хүргэж хүндээ тарьдаг бөгөөд 5 хүртэлх хоног энэ хэмд хадгалж болно. Тиймээс сум, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад -70 хэмд хадгалах хөлдөөгч шаардлагагүй. Тус вакциныг хадгалах 26 ширхэг хөлдөөгч байгаагийн тавыг нь ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн агуулахад байрлуулсан. Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай" гэв.
Вакцин хийлгэхэд анхаарах хүмүүс,
- Pfizer вакцины хувьд харшлын суурьтай хүмүүст урвал өгөх магадлал байна.
- ДЭМБ-аас зөвшөөрөл авсан болон бүтээгдэж байгаа вакцинуудын хувьд судалгааны бүтээл хангалттай биш байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа.
- Халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна. Ингэхдээ улс орон бүр дотооддоо мэргэжлийн байгууллагууд нь зөвлөлдөөд хэдэн тунгаар дархлаажуулахаа шийдэж байгаа.
- ДЭМБ-ын шинжээчдийн баг халдварт хамгийн их өртөж байгаа эрсдэлт бүлгийг тодорхойлсон. Улс орнууд нөхцөл байдалтайгаа холбоотойгоор эрсдэлт бүлгийн хүмүүсээ эрэмбэлж байгаа. Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн" гэлээ.