“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ын утсанд иргэдээс ирүүлсэн тусгаарлах байртай холбоотой нийтлэг асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулж байна.
Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийн тусгаарлах хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч нь гаргана
- Шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрийн батлагдсан тохиолдлын өөрийн хүсэлтийг харгалзан үзэж, гэрт нь 10 хоногт тусгаарлана. Тусгаарлалтын хугацааг дуусгах шийдвэрийг хяналтын эмч гаргах юм.
- Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байх нөхцөлийг үнэлж, 10 хоног тусгаарлана.
- Халдвар бүртгэгдсэн бүс нутгаас халдвар бүртгэгдээгүй бүс нутагт зорчиж буй иргэнийг гэрийн тусгаарлалтад долоо хоногт байлгах юм.
- Гадаадаас ирсэн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тус авснаас хойш 14 хугацаа өнгөрсөн эсвэл халдвар аваад эмчлүүлж эдгэрсэн гэх нотлох баримттай бол гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана.
Ойрын хавьтал болсон бол вакцин хийлгэх хугацаагаа хойшлуулна
- COVID-19 халдварын эсрэг вакцинд хамрагдах гэж байтал ойрын хавьтал болоод тусгаарлалтад байгаа бол ажилан тусгаарлалтын хугацаа дуусах хүртэл вакцинд хамрагдах хугацаагаа хойшлуулахыг зөвлөж байна.
Гадаадаас ирсэн иргэд 14 хоног тусгаарлагдаж шинжилгээ өгнө
- Гадаадаас ирсэн иргэд тусгаарлах байранд 7 хоног, гэртээ 7 хоног гээд нийт 14 хоног тусгаарлагдах юм. Тэдгээр иргэдийг тусгаарлалтад орсноос хойш 3 болон 6 дахь хоногт нь коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авна.
Тусгаарлах байранд байгаа хүнд шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй шинжилгээ авна
- Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хүнд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хугацаа харгалзахгүй шинжилгээ авах ажлыг нийслэлд ХӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг, орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллага нь зохион байгуулна.