Гуравдугаар эмнэлгийн гурван “НО”

Үндэсний аудитын газраас төсвийн шууд захирагчийн 2020 оны жилийн эцсийн тайлан, санхүүгийн гүйцэтгэлд шалгалт хийхэд Улсын гуравдугаар төв эмнэлгээс гурван төрлийн зөрчил илэрчээ.
"Олон улсын эмч нарын өдөр" хуучраагүй байна. Харин ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй Гуравдугаар эмнэлгийнхэн Ковид-19 цар тахлыг ашиг хонжоо, мөнгө идэх боломж гэж харжээ.
Төсвийн хэмнэлт гаргах ёстой байтал сургалт сурталчилгаа явуулна гэж хуураад эрүүл мэндийн сангаас мөнгө гаргуулжээ. Хууль бус гэрээ байгуулан 48 сая төгрөгөөр ариутгал, халдваргүйжүүлэл хийж Зүрхний холтерийн аппарат авна гээд 48 сая төгрөг бэлнээр гаргуулж. Энэ гурван зөрчлийг арай дэлгэрэнгүй өгүүлье.
 

Эхний “но”: Сургалт сурталчилгааны 36.6 сая төгрөг
Гуравдугаар эмнэлгийн удирдлага Коронавируст цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор сургалт, сурталчилгаа явуулна гэж 30 илүү сая төгрөг төсөвт суулгуулжээ. Улмаар тус эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр №53 тоот гэрээг Нийгмийн эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан байна.
Гэрээний дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийг дэмжих сангаас “Ковид-19” халдвартай холбоотой сургалт, сурталчилгааны ажил шаардагдах 36,639,260.00 төгрөгийг гаргуулж. Бүр бэлнээр шүү. Гэвч сургалт огт болоогүйгээр барахгүй сурталчилгааны ажил ч хийгээгүй байна. 
Үндэсний аудитын газраас Улсын гуравдугаар төв эмнэлэгт тогтоосон актдаа “Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэснийг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалттай нийцэхгүй байна” гэж дурджээ. Сургалтын нэр бариад шууд гархад явчихсан 36,6 сая төгрөгийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор буруутай албан тушаалтнаар төлүүлж, төрийн санд тушаахыг Үндэсний аудитын газар үүрэг болгосон байна.
Удаах “но”: 48.1 сая төгрөгийн хуудуутай шилжүүлэг
Ариутгал халдваргүйтгэлийн ажил хийхдээ мөн л хуудуутай шилжүүлэг хийжээ. Тус эмнэлэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчин, ямар нэгэн үнийн харьцуулалт хийлгүйгээр “Шавж мэрэгч устгал, халдваргүйтгэл” гэх ажил хийсэн байна. Дээрх ажлын хүрээнд ХУ/2020/66-АХШ-21 тоот гэрээг “ДДД Андууд БГБХН” ХКК-тай байгуулж, 48,150,00.00 төгрөгийг шууд шилжүүлсэн байна. Хэдийгээр тус гэрээнд ажлыг 2021 оны гуравдугаар сарын 10-ны дотор гүйцэтгэхээр заасан ч энэ хугацаанаас өмнө ажлын хөлсийг бүрэн шилжүүлж, шууд зардлаар тайлагнажээ.
Үндэсний аудитын газар иймийн тул акт тогтоосон бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг, мөн хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-т "Харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар” гэснийг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалттай нийцэхгүй байна гэж дурджээ. Иймийн учир үнийн харьцуулалт хийлгүйгээр холбогдох хууль тогтоомжийг зөрчин шилжүүлсэн 48,150,000.00 төгрөгийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны дотор буруутай этгээдээр төлүүлэн Төрийн санд шилжүүлэхийг үүрэг болгожээ.
 
Гурав дахь “но”: Зүрхний аппаратын гэх 48 сая төгрөг
 
Гуравдугаар эмнэлгийнхний гурав дахь “но” нь хүнлэг бус зөрчил байлаа. Тус байгууллага 2020 оны арванхоёрдугаар сард “Голден Мед” ХКК-тай гэрээ байгуулжээ. Уг гэрээнд нийт 48 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг зүрхний холтерийн аппарат худалдан авах тухай заажээ. Улмаар гэрээ байгуулсан даруй төлбөрийг бүрэн шилжүүлж, авлагаар бүртгэсэн байна. Гэвч адуитын шалгалтаар авлагаар бүртгэж, шилжүүлсэн ч гэсэн таван ширхэг зүрхний холтерийн аппарат байхгүйгээр барахгүй, нийлүүлэлт огт хийгээгүй байжээ.
Үндэсний аудитын газрын тогтоосон актад “Төсвийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4.8-д “Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр, үүсгэхгүй байх” гэдгийг, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Иймийн учир 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээний үүргийг биелэлтийг хангуулж, таван ширхэг холтерийн аппаратыг нийлүүлэхийг үүрэгдсэн байна. Харин хэр чанартай аппарат нийлүүлэгдэх нь акт тавиулсан дарга нарын хариуцлага хийгээд ард нийтийн хяналтад үлдсэн байна.
 
*  *  *
 
Эмнэлгийн алдаа, дутагдал үүгээр дуусахгүй. Түрээсийн орлогыг буруу бүртгэж, 60.3 сая төгрөгийг дутуу тайлагнасан, аудитаар долоодугаар сар ангионы тасгаар үйлчлүүлсэн эмчлүүлэгсдийн оношилгооны картыг өндөр өртөгт хэрэгслийн даатгалын үнээр тооцсон, дэлгэрэнгүй тайлантай тулгахад эмчлүүлэгчийн картаас 2.3 сая төгрөгөөр илүү байсан, тус эмнэлэгийн ТУЗ-ийн зүгээс төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулахад, зохистой удирдаагүй, төсөвт тавих хяналт алдагдсан тухай Үндэсний аудитын газрын зөвлөмжид бий. Түүнчлэн “Төлбөрийн баримт ТМ-5” анхан шатны баримтыг худалдан авалт хийхдээ хавсаргахгүй байгаа нь орлогоо бүрэн тайлагнахгүй байгааг ч харуулж байна гэсэн дүгнэлт ч бий.
Цар тахлын энэ бэрх цагт улсын төсвийг ариг гамтай ашиглахыг Засгийн тэргүүн нь уриалсаар байтал тэр хүүн шийдвэрийг гардан биелүүлдэг анхан болон дунд шатанд иймэрхүү алдаа гарсаар байна. Цаашид энэ мэт алдаа гаргуулахгүй байхыг Гуравдугаар эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирт Үндэсний аудитын газраас анхааруулжээ. Төсвийн мөнгийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Энэ мөнгийг зүй зохистой зарцуулах нь төрийн албаны томоохон үүрэг. Чухамдаа төсвийн сахилга баттай байж гэмээж нь төсвийн алдагдал буурна. Төсвийн алдагдал буурснаар эдийн засаг өсөхөд тодорхой дэмжлэг үзүүлнэ. Хэрэв энэ мэт алдаа дахин давтагдсаар байвал дээрээ хуультай, дэргэдээ аудиттай шүү гэдгийг төрийн байгууллагуудад анхааруулъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан