- ХСҮТ-ийн өргөтгөлд анхаарах үүргийг ЭМ-ийн сайдад жилийн өмнө өгчээ
- Салбарын сайд нь эмчилгээ үйлчилгээнд санаа тавихгүй байгаа нь хардлага төрүүлж байна
“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ”, “Олон улсын жишигт нийцсэн эмчилгээ үйлчилгээний төв байгуулахыг төрөөс дэмжиж, хүнд өвчнийг дотооддоо эмчилнэ”. Энэ бол 2016 онд МАН төрийн эрхийг авахдаа иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг. Гэхдээ эрх баригчид энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэлгүй байгаа нь тэдний гаргасан бодлого, өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн төсвийн хэлэлцүүлгээс илэрхий байна. Хүн амын эрүүл мэндэдамин чухал хөрөнгө оруулалт болох хавдрын эмчилгээ үйлчилгээг сайжруулахад төрөөс мөнгө харамлаж эхэлснээс үүнийг тодорхой харж болох юм. Хавдар судлалын үндэсний төвөөс (ХСҮТ) өнгөрсөн зургадугаар сард эмнэлгийн өргөтгөлд шаардлагатай хөрөнгө оруулалт, зардал болох 19.8 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх хүсэлтээ салбарын яаманд хүргүүлсэн аж. Гэвч ЭМЯ ирэх оны төсөвтөө ХСҮТ-ийн хүсэлтийг оруулалгүй “хав даржээ”. Харин орлогоо урдаа барих уу, хойноо нуух уу гээд шаналж яваа санхүү хариуцсан сайд нь ганц эмнэлгийн зовлонтой манатай, гишүүдийнхээ тойргийн санхүүжилтэд улайраад завгүй харайж явна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэнтээ “Холбогдох яамдаас ирүүлсэн саналын дагуу төсвийг боловсруулсан. ЭМЯ-наас хавдрын эмнэлгийн өргөтгөлд мөнгө тусгах санал ирүүлээгүй” гэх утгатай хариулт хэлж байна. Ирээгүй саналд хүн чанар гаргаж салбарынх нь сайдын өмнөөс хөрөнгө төсөвлөвөл санхүүгийн хэнхэглэлд тооцогдох тул Ч.Хүрэлбаатарыг үүнд буруутгах аргагүй. Тэр тусмаа сонгуулийн жилийн төсөв хэлэлцэж байгаа энэ үед “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг нь буруу хандлага” гэснийг ч “өршөөж” үзэх үндэслэлтэй. Хамгийн гол нь Д.Сарангэрэл сайд эрүүл мэндийн салбарын фокуст байгаа ХСҮТ-ийн санхүүжилтэд яагаад санаа тавихгүй байгаа нь анхаарал татаж байна. Сүүлийн гурван жилд зөвхөн хорт хавдрын улмаас 12.5 мянган хүн нас барж, жил тутам шинээр өвчлөгсдийн тоо зургаан мянгаар нэмэгдсээр байхад салбарын сайд улсдаа ганц байх эмнэлгийн санхүүжилтэд анхаарал хандуулаагүй нь харамсалтай. Мөн “мартсан” гэмээ цайруулж төсвийн хэлэлцүүлгийн үеэр ганц үг ган гэхгүй байгаа нь ч хачирхалтай. Хүн амын дунд өвчлөл өндөрт тооцогдох хорт хавдрын эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад гол анхаарлаа хандуулж, идэвх зүтгэл гаргах ёстой сайд нь үл тоож, албан тушаал хөөцөлдөж байх зуур ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал төрийн ордноор эргэлдэж, гишүүдийн хаалга татан мөнгө гуйж явах нь гаслантай. Тус төвийн захирал Ж.Чинбүрэн Төсвийн байнгын хорооны хурал дээр зовлонгоо тоочиж “ХСҮТ-ийн үйл ажиллагаа, хүчин чадлыг өргөтгөхөд шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулгаж өгөөч гишүүд ээ. ХСҮТ дэргэдээ баригдсан 10 мянган кв.метр талбайтай “Энэр мед” хувийн эмнэлгийн барилгыг өргөтгөл хэлбэрээр түрээслэхээр урьдчилсан гэрээ байгуулсан боловч 2020 оны төсөвт хөрөнгө оруулалт, зардлыг суулгаагүйгээс гэрээгээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. Эмчилгээ үйлчилгээг сайжруулахад зарцуулах 19.8 тэрбум төгрөгийг бүгдийг нь төсөвлөх боломжгүй бол зайлшгүй санхүүжилт болох 5.9 тэрбум, ажилчдын цалин, эмийн зардал 4.5 тэрбум төгрөг олгооч” гэж гуйж үзсэн. Эмнэлгийн удирдлага эцсийн арга болгож 10 тэрбумыг гуйсан нь тэр. Улс даяар эрчимтэй тархаж буй хорт хавдрын өвчлөл ганц эмнэлэг, тэр тусмаа Ж.Чинбүрэн эмчийн проблем биш байлтай. Сошиалын элэглэл, комментын доромжлолыг ард түмнээс хангалттай хүртдэг ч М.Билэгт гишүүн сэтгэл гаргаж хорт хавдраар өвчлөгсдийг хайрлахдаа энэ жил түрээс авахгүйгээр “Энэр мед” эмнэлгийн байраа ХСҮТ-д үнэгүй ашиглахыг зөвшөөрч байхад салбарын сайдын үйлдэл эсрэгцэж харагдаад байна. Эсвэл Эрүүл мэндийн сайдад М.Билэгт гишүүний халаасанд мөнгө орж байгаагаар харагдаад, хардаад байгаагаас зүтгэл гаргахгүй гэсэн юм болов уу. Уг нь “Энэр мед” эмнэлгийн барилгыг ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх үүргийг жилийн өмнө Эрүүл мэндийн сайдад өгсөн байдаг. Харин салбарын сайд аанай л таг чиг. 2020 оны төсөвт Эрүүл мэндийн сайдын санал, хүсэлтээр шилжих болон шинээр барих 68 барилгад 91.7 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан байна лээ. Голдуу сумын эмнэлгийг шинэчлэн барих зорилготой хөрөнгө оруулалт гишүүдийн тойргоо “услах” ажлын далбаан дор шургасан нь ойлгомжтой ч дунд нь 10 тэрбум төгрөгийг хавчуулчих сэтгэл дутлаа. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, дэмжлэгт хамруулах зүтгэл ч харагдсангүй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн амжилт ч үүгээр дарагдахыг үгүйсгэхгүй. ЭМЯ-ны төсвийн ерөнхийлөгч захирагчид ирэх жил 943 тэрбум төгрөг өгөхөөр төсвийн төсөлд тусгасан. Үүнээс 25 тэрбум нь ХСҮТ-д хамаатай. Гэхдээ энэ мөнгө одоо байгаа барилгын ашиглалтын зардал, эмч ажилтны цалин, эм бэлдмэлийн хангалтад зарцуулагдаад таарна. Үүний цаана эмчилгээ, үйлчилгээг сайжруулах чухал ажил хоцрогдоод байгааг салбараа гадарладаг сайд саадгүй ойлгож баймаар. Сайдын багцад хуваарилах их наяд шахам төгрөгөөс ХСҮТ-ийн “зовлонг” нимгэлэх арга байж л таараа. Сэтгэл гаргаад, зүтгэлээ харуулах юм бол хувь улстөрчийн сонгуулийн оноо цуглуулах сайхан боломж ч харагдаж л байна. Ядаж УИХ-ын эмэгтэй гишүүдээс бүрдсэн лобби бүлэг байгуулаад төсөвт мөнгө тусгуулах үндэслэл энүүхэнд бий. Сонгууль бодож, тууз огтлохоор “хайчаа ирлэн” суугаа гишүүдэд хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж буй хортхавдрын эмчилгээ, үйлчилгээ хамаагүй гээд чичлэхэд сөрөг товчлуур дарах зоригтон сонгуулийн өмнө гарахгүй. Мөн намын эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлэх болсны хувьд холбооныхоо нэр хүндийг ч давхар өргөх “пи ар” өмнө нь бэлхэн байна. Нийгмийн хариуцлага гэж албархалгүй, намынхаа баян эмэгтэйчүүдээс хандив цуглуулахад л супер сурталчилгаа болно. Энэ мэт шилмэл арга, шийдэх гаргалгаа хангалттай байхад Эрүүл мэндийн сайд, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн хөдлөхгүй байгаа нь шалтгааныг өөр өнцгөөс хайх хардлага төрүүлж байна. Хэрэв ХСҮТ өргөтгөлдөө орчихвол мэс заслын өрөө арваар нэмэгдэн, сувилагч, эмчийн орон тоо 20 хувиар өсөж, хүнд өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээний дугаарлалт шингэрэх юмсан.
ЗГМ