Оросын иргэдийг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт 11-12 дугаар сард эхэлнэ гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэнийг Известия дамжууллаа.
"Их хэмжээний нийлүүлэлтийн эхний хэсэг есдүгээр сард эхэлнэ. Өөр хэд хэдэн вакциныг бүртгэх шатандаа явж байгаа. Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг 11-12 дугаар сард эхэлнэ " хэмээн Михаил Мурашко Эрхүү мужийн эмнэлгийн ажилтнуудтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Эргэн сануулахад, Орост наймдугаар сарын 11-ний өдөр коронавирусээс сэргийлэх дэлхийн анхны вакциныг бүртгэсэн юм. Вакциныг Н.Гамалеян нэрэмжит төвийн мэргэжилтнүүд боловсруулж, "Спутник V" нэртэйгээр бүртгэсэн. Улмаар ОХУ-ын Эрүүл мэндийн яам вакцин үйлдвэрлэж эхэлсэн талаар зарласны дээр бүртгэлийн дараах судалгааны ажил явуулах зөвшөөрөл олгосон юм. Оросын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакциныг хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнуудад тарих аж.