“AstraZeneca” болон “Oxford”-ийн гаргасан “Covid-19”-ийн эсрэг вакцин халдвараас 79 хувийн үр дүнтэй хамгаалдаг болох нь АНУ-д явуулсан туршилтын үр дүнгээр нотлогдоод байна.
"AstraZeneca" компани зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авахаар бэлтгэж байгаа энэ үед вакциных нь аюулгүй байдал, үр нөлөөг ийнхүү дахин баталгаажууллаа. Түүнчлэн энэхүү вакцин халдварын хүнд, ноцтой өвчлөлөөс хамгаалдаг болохыг 30 гаруй мянган хүнийг хамруулсан туршилтаас харж болохоор байна. "AstraZeneca" компани яаралтай горимд хэрэглэх зөвшөөрлийг АНУ-ын зохицуулагч байгууллагаас авахаар ажиллаж байна.
Үүнээс өмнө “AstraZeneca”-ийн вакцин хийлгэсэн хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэх асуудалтай холбоотойгоор Европын зарим улс хэрэглэхээ түр зогсоогоод байсан юм.
Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ мягмар гарагт “Covid-19”-ийн эсрэг вакцин хийлгэхээр болсон байна. ОХУ-д бүх нийтийн вакцинжуулалт эхлээд гурван сар гаруй болж байгаа юм. Түүнчлэн ОХУ-д вакцинжуулалтад ашиглагдаж байгаа гурван вакцины нэгийг нь хийлгэнэ гэж Владимир Путины Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Үүнээс өмнөхөн АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи “Sputnik V” вакцины мэдээллийг судалсны үндсэн дээр "үр дүнтэй" гэж онцолжээ.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com