Монгол Улсын хэмжээнд 548 цэгээр дамжуулан иргэдээ коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцин авах, дархлаажуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажилтай танилцах үеэр ХӨСҮТ-ийн удирдлагууд мэдээлсэн юм.
Монгол Улсад коронавирусний вакцин хадгалах 3 түвшний тоног төхөөрөмж бэлтгэсэн байна. Тодруулбал, +2 хэмээс +8 хэмд хадгалах, -20 хэмд хадгалах, -70 хэмийн хэт гүн хөлдөөгч байгаа аж. Эхний ээлжинд хүн амын 20 хувь буюу төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 50 мянга 47 ажилтан, коронавирустэй тэмцэх багт ажиллаж байгаа 52 мянга 750 ажилтан болон 50-иас дээш насны 583 мянга 545 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөөд буй юм. Үүний дараа нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах бөгөөд энэ ажилд 11 мянга 605 хүн оролцох төрийн албан хаагчийн судалгааг гаргаж, сургалтад хамруулж эхэлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 200 мянга гаруй иргэн хамрагдсанаас 23 тохиолдол батлагдлаа. Энэ бол дээрх шинжилгээ үр дүнгээ өгсөн зөв ажил болсныг харуулж байна. Хэрэв ингэж илрүүлээгүй бол коронавирусний тохиолдол нэмэгдэж, хүн амын дунд цар тахлын хэмжээнд хүрэх эрсдэлтэй байсан. Энэ долоо хоногт багтаж ДЭМБ-ын зөвшөөрсөн коронавирусний вакцин татах ажлыг эхлүүлэх шаардлагатай. Спутник болон Синофармын вакцин татна. Татсаныхаа дараа ДЭМБ-ын тус вакциныг судлах процесс дууссан үед хамтарсан ажлын баг байгуулж, вакцинжуулах ажлыг эхлүүлэх юм. Файзер болон Астразенакаг ДЭМБ үндсэндээ зөвшөөрч байгаа. Энэ бүхнийг иргэдэд ойлгуулахад анхаарах хэрэгтэй. Вакцинжуулах ажлыг хэдий чинээ хурдан оруулж чадна тэр хэмжээгээр эдийн засгаа нээх, шинэ амьдралын хэв маягт шилжих, хил нээх асуудал руу орно. Тиймээс Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг хийлгэнэ” гэлээ.