Эмч нар: "Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд шаардлага хүлээж авдаггүй, зарим нь уурладаг"

 “DNN-Тодруулга” буланд энэ удаад эмнэлгийн эмч, ажилтнууд цаг үеийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.
ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын менежер А.Билэгт: Ажлын цаг дууссан ч эмч нар маань өрөө, өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Манай эмнэлгийн ажиллагсадын хувьд зай барьж, авах ёстой дэглэмийг мөрдөж, үйл ажиллагаа ердийнхөөрөө хэвийн явагдаж байгаа. Хүмүүсийн бодож байгаа шиг ноцтой зүйл байхгүй ээ. Угаас тангараг өргөсөн эмч нар гэдэг утгаараа ажлын ачаалал ихэслээ гээд гомдоллож, шалтаглахгүй өөр өөрсдийн үүрэгт ажлаа хийгээд явж байна.
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ерөнхий эмч Б.Мөнхбат: Одоогоор Дархан-Уул аймагт бүртгэгдсэн батлагдсан тохиолдол буюу коронавирусийн халдвар авсан иргэд бүгд ХӨСҮТ рүү шилжиж, тэндээ эмчлүүлж байна. Тэрнээс өмнө эндээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, тусгаарлаж байсан. Халдвар бүртгэгдэх үедбид бэлэн байдалд байсан. Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдэхэд хэрхэн ажиллах тал дээр ЭМЯ, ХӨСҮТ-өөсзааварчилгаа болон шаардлагатай хувцасхэрэглэлээрурьдчиланхангасан байсан нь шуурхай ажиллах гол хөшүүрэг болсон. Сүүлийн байдлаар бүртгэгдсэн 45 тохиолдлоо бариад, ойрын хавьтлын бүх тандалтыг хийж, нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, давтан шинжилгээнүүдийг авч ажиллаж байгаа.
-Хөл хорио суларснаар эмнэлгийн ачаалал энгийн үеийнхээс багассан уу?
-Хөл хорио тавигдаснаар эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн цуваа ердийн үеийнхээс багассан чхалдвар, хамгааллын дэглэм журмаа сахиж, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.Цэцэрлэг, сургууль карантилагдсантай холбоотойгоор томуу, томуу төст улирлын чанартай өвчлөлүүд эрс буурсан. Энгийн үед өдөртөө 100 гаруй хүүхдэд үйлчилдэг бол одоогоор өдөрт 13-15 хүүхэд үзүүлэхээр ирж байна. Тэг зогсолтоос хойш эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа өмнөх шигээ хэвийн явагдаж байгаа гэж хэлж болно.
-Голомтод ажилласан эмч нарын цалин хөлс нэмэгдсэн үү?
-Урьд нь Сэлэнгэ аймгаас орж ирсэн хүмүүсийг энд тусгаарладаг байсан. Төвийн аймаг гэдэг утгаараа бэлэн байдлыг маш сайн хангаж байсан. Тэр үеэр ажилласан эмч, ажиллагсдад яамнаас шийдэгдсэний дагуу тодорхой хэмжээний урамшуулал олгогдсон.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Н: -Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд ирэх өвчтнүүдийн тоо өмнөх үеийнхтэй харьцуулахад багассан. Ойрын үед томуугаас гадна бага насны хүүхдүүд ахуйн нөхцөлд бэртэж, гэмтэх, ходоод, гэдэс, хооллолттой холбоотой өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байна. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид ажлын байран дээрээ бүгд амны хаалт зүүж, дэглэмийг сахиж ажиллаж байгаа.
-Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд юун дээр анхаармаар байна вэ?
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс нэг хүүхдийг нэг л асран хамгаалагч дагуулж орох журам барьж байгаа.Энэ журмыг мөрдснөөр амбулаторийн ачаалал харьцангуй сийрэг болж ирж байна. Хүүхэд нь өвдлөө гэхэд ах, эгч, эмээ, өвөөг нь дагуулаад ирдэг. Угаас эмээ, өвөө нь эмнэлгийн гадаа суугаад ямар ч ач холбогдолгүй. Үүнээс болоод хийсвэр ачаалал үүсчихдэг байсан.Амны хаалт зүүж, гараа ариутгаарай гэх мэт шаардлага тавихаар уурладаг хүмүүс чбий. Тиймээс иргэд эмнэлгээр үйлчлүүлэхдээ тэдгээр зүйлс дээр анхаармаар байна.
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Алтанчимэг: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэр дундаа эмч, сувилагчид уртасгасан цагаар, зарим тохиолдолд ээлжийн амралт, завсарлагагүйгээр ажилладаг. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед түргэн тусламжийн эмч нар халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа юм. Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрч халуурсан гэх дуудлагад эмч нар иж бүрэн хамгаалах хувцас, хэрэглэлтэйгээ очиж тусламж үзүүлдэг. Мөн иргэдэд коронавирустай холбоотой зөвлөмж өгч байна. Ард иргэддээ хандаж хүн өвчнийг хуурч чадахгүй учраас хаана хаанаа хариуцлагатай байх нь чухал гэдгийг хэлье.
“Жаргалант” эмнэлгийн эмч Д. Энхсайхан: Эмч нар ухрах, зугтаах эрхгүй учраас ард түмэнтэйгээ хамтарч энэ халдвараас ангижрахын тулд бүгд хичээн ажиллаж байгаа. Ганц эрүүл мэндийн байгууллага энэ халдварыг дарж дийлэхгүй. Хариуцлагагүй нэг хүний үйлдлээс болж тархвал ямар аймшигтай явдал болж байгааг хэд хэдэн жишээнээс харсан шүү дээ. Хайртай бүхнээ хамгаалъя гэвэл хувь хүн хариуцлагаа дээшлүүлэх ёстой. Тиймээс ард түмэн, төр, засаг, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага хамтран эв нэгдэлтэй байж энэ аюулт өвчний тархалтаас ард түмнээ хамгаалахын тулд бид сайн ажиллах ёстой. Энэ дашрамд, халдварын голомтод ажиллаж буй мэргэжил нэгт нөхдөд баярлаж буйгаа илэрхийлье.
Чингэлтэй дүүргийн эмч Д.Бурмаа: Онц байдал зарласантай холбогдуулан эмнэлэгт орох хоёр хаалганы хажууханд өдөр бүр ээлжийн сувилагч, хамгаалалтын ажилчид ажиллаж байна. Эдгээр ажилчид гаднаас орж ирж буйхүмүүсийн халуун үзэхээс гадна ханиалгаж байгаа эсэх,цээжээр хөндүүрлэх, мэдрэмж төрж байгаа зэрэг томуу, томуу төст өвчин, коронавирусийн урьдчилсан асуумжуудыг авч ажиллаж байна. Энэ нь эмнэлэг дотор вирусийн дэгдэлт тархахаас урьдчилан сэргийлж буй хэлбэр юм. Мөн томуу, томуу төст өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Түүнчлэн коронавирус нь ахуйн замаар дамжиж байгаа учир ахуйн хавьтлаас дамжих эрсдэлийг сэргийлэхийн тулд хаалга болгонд гар халдваргүйжүүлэлт хийж байна.
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасгийн эмч Л.Нямдаваа: Бид “Covid-19”-ийн халдвар хэзээ ч орж ирж магадгүй гэсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд ажиллаж байна. Хүлээн авах тасаг гэдэг хамгийн эрсдэлтэй бүлэг болохоор халдвар хамгааллын хувцасаа сайн өмсөж иргэддээ үйлчилж байна. Хорио цээрийн дэглэмтэй үед эрсдэлтэй, шаардлагатай гэсэн хүмүүсээ л үзэж байгаа. Өдөрт дунджаар 20 хүн ирдэг. Ихэвчлэн зүрх судас, артерийн даралт ихсэлт зэрэг оноштой хүмүүс эмчлүүлж байна. Манай хүлээн авах хэсэгт дөрвөн сувилагч, нэг их эмч ажиллаж байна. Харин 103 түргэн тусламж дээр найман хүн ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үзлэг шинжилгээ хийгээд ажиллаж байна. Хэрвээ манайд халдвар тархвал эм, эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас цөөн. Ер нь амны хаалтны хүрэлцээ муу. Өдөрт нэг ширхэг маск тараадаг. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд шаардлага хүлээж авах тал дээр их тааруу байдаг.
Гэмтэл согог судлал үндэсний төвийн эмч Б.Ариунхүү: Хөл хорио тогтоосноос хойш эмнэлгийн ачаалал 50 хувь буурсан. Өмнөх долоо хоногт хөл хорио сулруулсан болохоор ачаалал жаахан нэмэгдэх хандлага ажиглагдсан. Энгийн тасагт ажиллаж байгаа бид бол арай гайгүй байгаа. Харин яаралтай түргэн тусламж, хүлээн авахын эмч нар маань халдвар хамгааллын хувцасаа өмсөөд ард иргэддээ үйлчилж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг халуун цэг дээр ажиллаж байгаа эмч нарт нэмэгдэл цалин өгч байгаа гэж ойлгож байгаа. Бидний хувьд үүргээ ухамсарлаад ажиллаж байгаа болохоор хэвийн цалингаа авч байна.
СХД-ийн 23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Отгонжаргал: Коронавирсуийн оношилгооны бүс учир иргэд ирж шинжилгээ өгч байгаа. 23, 29, 18 зэрэг хорооны иргэд ирж сайн дураараа болон ажил мэргэжлийн шугамаар оношилгоо шинжилгээ өгсөн. Коронавирусийн хүнд үед ажиллаж байгаа эмч, сувилагчид халдвар хамгааллын хувцасаа өмсөж иргэддээ үйлчилж байна. Мөн бид эдгээр хүмүүстээ зориулж эм, эмнэлгийн хэрэгслийг нэмж бэлтгэн өгсөн байгаа. Эрүүл мэндийн харъяа эмнэлгүүдэд даралт ихсэх, осол гэмтэл авсан гэх оноштой иргэд ирж байна.
Эх сурвалж: DNN.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан