ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 23 сая 696 мянган хүн өвчилж, 823.8 мянган хүн нас барж, 16.5 сая хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 206 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн энджээ.
БНСУ-д 320 хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Сөүл хотод сурагчдын дунд өвчлөл кластер хэлбэрээр гарсан аж. Тиймээс хичээлийн үйл ажиллагааг зогсоож, цахимаар явуулж эхэлжээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын 24 мужид вирус кластер хэлбэрээр гарч эхэлж. Тиймээс хичээлийг цахимаар оруулахаар болсон байна. АНУ, Солонгост ресторан, баар, кофе шопоор үйлчлүүлсэн хүмүүс ихээр халдвар авчээ. Эдгээр газруудаар үйлчлүүлсэн иргэд амны хаалтгүй байсан нь халдвар дамжих нэг шалтгаан болж. Тиймээс амны хаалт заавал зүүхийг журамлаж өгчээ.
Бельги, Недерланд улсад 3 хүн дахин коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гарлаа. Эхний халдвар авахдаа тод байсан бол хоёр дахь удаагаа өвчлөхдөө балархай хэлбэрээр авсан байна.
Манай улсын хувьд тусгаарлах ажиглалтад шинээр 292 хүн орж, 6 хүн тусгаарлалтаас гарчээ. Одоогоор тусгаарлалтад 3256 хүн байна. 24 цагийн хугацаанд 119 тоот дугаартай утсанд 84 дуудлага ирж, зөвлөмж, зөвлөгөө авсан" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийлээ. 488 хүнээс коронавирус илрээгүй, 2 хүнээс илэрлээ. 2020 оны наймдугаар сарын 24-нд Токиогоос ирсэн 244, Алтанбулагийн боомтоор ирсэн 24 жолооч, гадны улс руу явах хүсэлт гаргасан 12 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Шинэ Делигээс ирсэн 154 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.
Ингээд Монголд батлагдсан тохиолдол 300 боллоо. Үүнээс 289 хүн нь эдгэрсэн байна. Халдвартын клиник төвд 11 хүн эмчлүүлж байна. Нэг хүний биеийн байдал хүндэвтэр, 10-ынх нь хөнгөн байгаа. Нийт батлагдсан тохиолдлын 66 хувь нь ОХУ-аас, 18 хувь нь Афганистанаас зөөвөрлөгдөж ирсэн" хэмээв.