ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж, 15 сая 349 мянган хүн өвчилж, 629 мянган хүн нас баржээ. 8.4 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 247 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 7000 гаруй хүн нас барсан байна.
Өчигдөр ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ ковид 19-ын хариу арга хэмжээнд хоёр гол тулгуур хүчин зүйл байна. Нэгдүгээрт, улс төрийн манлайлал, хоёрдугаарт олон нийтийн оролцоо чухал гэдгийг онцолсон. Олон нийтийн оролцоо яагаад чухал болохыг дараах зүйлээр хэлж болно. Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Бид уламжлалт хэв маягаараа цаашид амьдарч болохгүй гэдэг нь дэлхийн олон мянган хүн коронавирусийн халдвар авч, эндсэн байдал харуулж байна. Иймээс бид шинэ амьдралын хэв маягт дасан зохицох, тэр арга замыг олж хэрэгжүүлэх ёстой. Шинэ хэв маяг гэдэг нь амьдарлаа шинэ хэв магт оруулж, түүнийгээ дадал зуршил болгож, хүн бүр коронавирусийн эрсдлээс сэргийлэх арга барилыг эзэмших юм. Та өөрийгөө эрсдэлд өртөхөөс сэргийлэхийн тулд дараах дөрвөн асуултыг өөрөөсөө асууна уу.
-Та хүнтэй харьцахдаа зай барьдаг уу,
-Та гараа тогтмол савандаж угаадаг уу,
-Та амны хаалт зүүж байна уу,
-Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагадаг уу. Эдгээрт хэрхэн хариулснаас та өөрийгөө коронавирусээс сэргийлж чадах хэсгийг илэрхийлэх болно гэжээ.
Манай орны хувьд ажиглалтад шинээр 36 хүн орж, 633 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2668 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 41 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээлээ.