Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засагч Б.Дөлгөөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Монгол Улс 2020 оны төсөвтөө тодотгол хийхээр болж байна. Зарим эдийн засагчид оны эхнээс л үүнийг ярьж байсан ч Сангийн сайд эдийн засаг агшиж байхад зардлаа бууруулах нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
- Энэ асуултад тийм, бас үгүй гэж хариулмаар байна. Санал нэгдэж байгаа зүйл нь эдийн засгийн уналттай үед айл өрх бүр хэрэглээгээ танадаг. Нэг зайрмаг авах байсан мөнгөө хадгаламждаа хийгээд орлогогүй болчих юм бол түүгээрээ талхаа авъя гэх мэт зохицуулалтыг хийнэ. Бизнесүүд мөн адил хүнд байдал ирэхэд мөнгөтэй байхгүй бол түрээс, ажилчдын цалингаа өгч чадахгүй гээд танаж эхэлдэг. Энэ таналтын үеэр Засгийн газар ч мөн хөрөнгө оруулалтаа хэмнээд эхлэх юм бол эдийн засгийн уналт илүү өндөр гарна. Ийм уналттай үед мөчлөг сөрсөн бодлого буюу уналттай үед Засгийн газар өөрсдийн зардлыг нэмэх замаар явбал эдийн засгийн уналтыг бага ч гэсэн сөрнө гэсэн үг.
Харин санал зөрж буй зүйл нь төсвөө тодотгохгүй байсан явдал. Төсвийг анхнаасаа тодотгох зайлшгүй шаардлагатай байсан. Гэхдээ төсвийн зардлыг бууруулах ёстой гэдэг утгаар нь бус зарцуулалтыг нь өөрчлөх шаардлагатай. Энэ хүнд үед хөшөө, музей барих нь утгагүй. Харин тэр мөнгөө ядуурлыг нэмэгдүүлэхгүй байх, өрхийн амьжиргааг тэтгэх, ААН-үүд, баялаг бүтээгчид ажлын байраа авч үлдэхэд нь туслахад зарцуулах хэрэгтэй. Түүнээс хөшөө, музей барина гээд нийт хөрөнгө оруулалтын зардлыг 60 гаруй хувийг барилга байшингийн асуудал дээр анхаараад, эргээд төрөөс ямар ч хамааралгүй, тендер авдаггүй, улс төрөөс 100 хувь хараат бус 85 мянган компаниа зоргоор нь хаяж болохгүй. Үүний цаана 800 мянган ажлын байр бий.
-Манай улс цар тахлын үед халамжийн бодлого түлхүү хэрэгжүүлж байна. Ер нь Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлогыг хэр оновчтой байна гэж Та үзэж байна вэ?
-Бид юуг зорьж байгаагаа маш сайн тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд ядуурлыг нэмэгдүүлэхгүй байх, боломжтой бол амьжиргааг дээшлүүлэхийг нэгдүгээрт тавиасай гэж хүсэж байна. Жишээлбэл, ядуурлыг бууруулахгүй байх юм уу, зөвхөн хүүхдэд анхаарах юм уу, баялаг бүтээгчдээ хамгаалах юм уу, эсвэл ажлын байрыг хамгаалах юм уу? Энэ зорилтуудаа эрэмбэлээд хамгийн бага зардлаар хамгийн их үр дүнд хүрэх бодлого нь юу вэ гэдгийг судалбал магадгүй тав, зургаан бодлогоос нэг нь бусдаасаа арай илүү болж гарч ирнэ. Түүнээс биш “за бүгдэд нь мөнгө тараая” гэдэг бол улс төрийн шийдвэртэй бодлого. Улс төрөө харж гаргаж буй бодлого болохоос биш хамгийн зөв, ядуурлыг бууруулахгүй байх арга бас биш. Гэхдээ л манай улс төрийн орчин авлига, цавчаа ихтэй байгаа учир, хоёр тэрбумаар хөшөө, гурван тэрбумаар усан оргилуур, тавин тэрбумаар музей барьж байхын оронд үнэхээр тэр мөнгө нь байгаа бол хүүхдийн мөнгө болгоод өгчихсөн нь ядуурлыг богино хугацаанд ч гэсэн бууруулна.
Харин ААН-үүд, баялаг бүтээгчдээ дэмжих замаар ажлын байрыг хадгалж үлдье гэвэл төр өөрт цугларсан мэдээлэлдээ үндэслээд, шаардлагатай үед нэмэлт судалгаа хийж, татвар, өр зээлийн дарамт нь хэр байна гэдгийг нарийн судалсны үр дүнд зөв бодлого гаргах нь чухал. Жишээлбэл, өнөөдөр өрийн дарамттай байгаа компаниудын төлөх хугацааг хойшлуулаад орхиод өөр тэдэн рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй байна гэдэг бол өнөөдөр дэлбэрэх бөмбөгийг маргааш болгож байгаагаас биш тэнд тулгарч байгаа асуудлыг оновчтой шийдэхэд тусалж байгаа хэрэг биш. Тэгэхээр төр элдэв янзын багийн төв барьснаас энэ бугшсан асуудалд санхүүгийн нөөц бололцоогоо чиглүүлээсэй гэсэн хүсэлттэй байна.
-Улс орнууд төсвийн алдагдлаа нэмээд ч болтугай эдийн засгаа аврах арга хэмжээ авч байгаа нь зөв үү? Манай улсын хувьд оны сүүлээр алдагдал 3.8 их наяд буюу ДНБ-ний 10 орчим хувьтай тэнцэх тооцоо гарсан.
-Төсвийн алдагдал нэмэгдвэл таны, миний, иргэн бүрийн өр нэмэгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Америк ч юм уу хөгжингүй орнууд ийм замаар явж байгаа нь дотооддоо коронавирусийг алдаад, бүтэн зогсолт хийсэн, зарим нь одоог хүртэл хаалттай байгаатай холбоотой. Харин цар тахлыг дотооддоо алдаагүй, алдахгүй байх боломжтой ийм үед их хэмжээний төсвийн алдагдалтай явах нь Монгол Улсын өр зээл нэмэгдэж, ирэх жилүүдэд хийж болох бодлогын орон зай хумигдана гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр төсвийн алдагдал нь үнэхээр та бидний төлөө зориулагдсан үйл ажиллагаа хийсний үр дүнд нэмэгдэж байгаа бол ойлгож байна. Гэтэл та бидний очих очихгүй нь мэдэгдэхгүй газар хэдэн тэрбумаар хөшөө бариад, бодит зардлыг 30, 40 хувиар нэмэх замаар дундаас нь улстөрчид, тендерээс хамааралтай компаниуд хамтдаа мөнгө идэж байгаа бол үнэхээр хайран. Энэ бол нууц биш нууц юм. Өнөөдөр тавьж байгаа өрийг та бидний хүүхдүүд төлнө. Үүн дээр иргэдийн тавьж буй хяналт үнэхээр сул байгаа нь харамсалтай.
-Маргааш талх авах мөнгөгүй болж болзошгүй учир өнөөдөр зайрмаг авах мөнгөө хадгал гэж та түрүүн жишээ татсан. Цар тахлын энэ нөхцөлд айл өрхүүд ер нь санхүүгээ хэрхэн зохицуулах ёстой вэ. Хаа хаанаа хэмнэлтийн горимд шилжих ёстой гэж мэргэжилтнүүд хэлээд байгаа?
-Хэмнэлт гаргах хэмжээ орлогын түвшнээс ихээхэн хамааралтай. Мэдээж хэмнэх ёстой гэж хэлэхээр хүмүүс “Бидний хэрэглээ ийм бага байхад яаж хэмнэх вэ?” гэдэг. Хөгжил буурай ангилалд багтах орнуудад очоод үзэхээр ч, олон улсын судалгаануудыг харахад ч ямар ч түвшинд хэмнэх боломж байдаг. Монголчуудын хэрэглээг орлогын түвшнээр ойролцоо бусад улс орны иргэдийнхтэй харьцуулахад өндөр гэж хэлж болно. Мэдээж олж байгаагаа зарцуулах хэрэгцээ байлгүй яахав, гэхдээ бидэнд хадгалах хэвшил тун бага байна. Сая Хятадын статистикийг харж байхад илүү хадгаламж руу хийгээд байх сонирхолтой ард түмэн байна билээ. Тэнд хадгаламж өндөр байгаа учраас хөрөнгө оруулалтаа шаардлагатай салбарууд руугаа сайн хийж чаддаг. Энд хувь хүн, өрхийн түвшний дадал зуршил, хүсэл сонирхол яригдаж байна. Зөвхөн өрхийн түвшинд ч гэлгүй, макро түвшинд бид өрхийн хэрэглээг дэмжих бодлого явуулж ирсэн, түүний үр дүнд хэрэглээг дэмжсэн зээлийг сүүлийн 4 жилийн хугацаанд түлхүү гарсан. Гэтэл богино хугацаанд хэрэглээг нэмэх замаар эдийн засаг өсгөж болох ч дунд болон урт хугацаанд эдийн засагт сайнаар нөлөөлдөггүй. Тэгэхээр ганц өрхийн түвшин гэлтгүй, бас макро тал дээрээ ч гэсэн энэ чиглэлд түлхүү анхаарч, байгаа хэдэн төгрөгөө илүү баялаг бүтээх тал руу гаргамаар байна.
-Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унаж, ирэх онд 5-7 хувиар огцом өсөх тооцоог олон улсын байгууллагууд гаргаж байна. Энэ хэр бодитой тоо вэ?
-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хувийг олон таамаг дээр үндэслэн гаргаж байгаа. Жишээлбэл, вакцин хэзээ гарах, хөл хорио хэзээ цуцлах, хоёр дахь давалгаа явах эсэх гээд нэрлэж болно. Өнөөдөр дэлхий дээр коронавирусний 140 гаруй вакцины туршилт хийгж байгаагаас хамгийн амжилттай яваа таван вакцин байна. Түүнээс хамгийн сүүлийн шатандаа явж байгаа нь Оксфордын гаргаж буй вакцин. Вакцин гарлаа гэхэд хэр хүртээмжтэй байх вэ, Англиас эхлэх үү, Европоос эхлэх үү, энэ нь эргээд хэр олон улсад хүрч чадах вэ? Үйлдвэрлэх хүчин чадал нь дэлхийн хүн амын хэдэн хувьд нь хүрэх вэ, цар тахлын хоёр дахь давалгаа гарах уу, үгүй юу гэх мэт таамаглалууд дээр дэлхийн эдийн засгийн төсөөлөл тогтож байгаа. Өнөөдөр 2021 онд 7 хувиар өснө гэж болох ч гэлээ, хоёр сарын дараа өөрчлөгдөж магадгүй.
Хэрэв ээ та санаж байгаа бол анх коронавирус нэг сард дэгдэхэд ОУВС-аас өөрсдийн таамгаа өөрчлөөд дэлхийн эдийн засаг энэ жилд 3 хувиар өснө хэмээн мэдэгдсэн. Үүнээс хоёр сарын дараа 3 хувиар агшина гээд, дахиад саяхан 6 сард мэдэгдэл хийхдээ энэ жил хасах 4.9 хувь руу орж ирэх юм байна шүү гэж мэдээллээ өөрчилсөн.
-Вакцин гэснээс, ОХУ иргэдээ хамруулах вакцинаа эцсийн байдлаар гаргасан талаар мэдэгдлээ. Тэгэхээр тун удахгүй гэж ойлгож болох уу?
- Оросын хийсэн вакцин гээд баахан шуурлаа л даа, гэтэл дүгнэлт хийхэд хангалттай мэдээлэл алга гэж үзэж байна. Оросын вакцины хувьд гаж нөлөө байгаа юу, хэдэн хүнийг хамруулж туршилт хийсэн, туршилтын хэдэн шатыг дамжсан, эдгээр шат бүрт үр дүн ямар гарав, эдгээр туршилтыг хийхдээ “Randomized Controlled Trial” буюу санамсаргүй хяналтат туршилт судалгаагаар хийв үү гээд надад асууж мэдэх зүйл их банйа. Тэгэхээр үнэхээр хэлж мэдэшгүй нь.
-Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаг нэлээд эерэг харагдаж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ өсөлт манайд нөлөөлөх болов уу?
- Сая уналтын шалтгаануудыг нарийвчлан харвал манай экспорт тэр дундаа уул уурхай бүтээгдэхүүний экспорт өмнөх жилийнхтэй харьцуулахад бараг 1 тэрбум ам.доллароор багассан байна. Энэ нь өөрөө эдийн засгийн өсөлтөд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт сайн байгаад ч бид бараа бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй бол нөлөө багатай л болно. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын уналтын цаад шалтгааныг авч үзвэл дотоодын ч, гадаадын ч хүчин зүйлүүд байгаа юм. Мэдээж эрүүл мэнд хамгийн нэгдүгээрт байх ёстойг бид ч, дэлхий нийт ч ойлгож байгаа. Гэхдээ эрүүл мэндээ хамгаална гээд эдийн засгаа золиосолно гэдэг бол дотооддоо цар тахлыг алдсан улс орнуудын авч буй арга хэмжээ. Харин дотооддоо алдаагүй улс орнууд эрүүл мэнд, эдийн засаг аль алийг нь аваад явах боломжтой. Энэ боломжоо бид хангалттай ашиглаагүй. Дээрээс нь бодлогоо гаргахдаа судалгаа шинжилгээн дээр тулгуурлахаас илүүтэй улс төрөө харж хийсээр ирлээ. Одоо харин эрүүлээр харж, дунд болон урт хугацааны өгөөжөө харж бодитоор шийдмээр байна.