ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын хуралдааны үеэр “Шинэ коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг бүртгэж авсан улс боллоо” гэж албан ёсоор мэдэгджээ. Энэ тухай Риа новости болон Ассошэйтэд пресс агентлаг онцлон мэдээлэв.
Тэрбээр “Дэлхийд коронавирусийн эсрэг вакциныг анх удаа амжилттай бүртгэж авлаа. Энэхүү вакцин нь бүх туршилтыг амжилттай давсан” гэж онцолжээ.
Түүнчлэн түүний охидын нэг нь уг вакциныг хийлгэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн тэрбээр вакциныг гаргаж авах ажилд оролцсон эмч мэргэжилтнүүдэд тусгайлан талархал илэрхийлсэн байна. Эх сурвалжуудад дурдсанаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин охидынхоо хэнд нь шинээр гаргаж авсан вакциныг хийлгэснээ нууцалж байна. Мөн вакцинжуулалтад зөвхөн сайн дураараа хамрагдах хүсэлтэй хүмүүсийг оролцуулна хэмээн дурджээ. ОХУ-ын Эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж буйгаар тус вакцин нь “COVID-19” цар тахлаас хоёр жил хүртэлх хугацаанд дархлаа тогтоох боломжтой хэмээн мэдэгдэж байгаа аж. Мөн вакцины олон нийтэд зориулсан үйлдвэрлэлийг ирэх аравдугаар сар гэхэд эхлүүлэх боломжтой гэж албаныхан үзсэн байна. Тус улсын эрх баригчид “COVID-19”-ийн эсрэг вакциныг эрсдэлт бүлэг болох эмнэлгийн ажилтан, багш нарт хамгийн эхэнд хийхээр төлөвлөжээ.
Г.НямЭх сурвалж: "Монголын үнэн" сонин