- Серологийн сорил авах судалгаа хүн амын дунд тогтсон дархлааг тодорхойлох юм
- Цар тахлын халдварын үнэн бодит хэмжээг тодорхойлох нь Хятадын эдийн засгийг дахин нээлттэй болгоход чухал үүрэгтэй
Тайгер Йед энэ оны нэгдүгээр сард коронавирус халдварлаж бие нь муудахад ээж, эмээ хоёр нь асарчээ. Хожим тэд бас халуурсан ч Уханийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байсантай уялдан гэртээ тусгаарлахаас өөр арга байсангүй. Хэдэн сар өнгөрч Хятад оронд цар тахлын тархалтыг хязгаарлаж чадах шиг болсны дараа энэ айлынхан цусны шинжилгээ өгөхөд бүгд COVID-19-өөр өвдөж вирусийн эсрэг дархлаа тогтсон нь илэрчээ. БНХАУ-д 82 мянга гаруй хүн халдварлаж, 5000 орчим хүн эндсэн коронавирусийн статистикт ийм хүмүүсийг огт оруулдаггүй. “Өвдөөд өөрсдөө эдгэсэн бүх хүн азтай” хэмээн Йе өгүүлсэн юм. Вирусийн статистикаа дарж мэдээлсэн хэрэгт буруутаад буй БНХАУ цар тахлын тархалтын жинхэнэ бодит хэмжээг тогтоох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Ийм арга хэмжээг дэлхий даяар хэрэгжүүлбэл одоогоор илрээд буй 2.1 сая халдвартай хүний тоо дахиад хэдэн саяар өсөж болзошгүй. Серологийн судалгаа буюу ийлдсийн шинжилгээгээр судлаачид хүн амын тодорхой бүлгийг төлөөлж чадах хэсгээс цусны шинжилгээ авч бие махбодид нь вирустэй тэмцэх эсрэг бие үүссэн эсэхийг тодорхойлно. Дараа нь судлаачид судалгаандаа түшиглэн хүн амын дундах халдварт өвчний жинхэнэ тархалтын хэмжээг тооцоолно. Ийм судалгаа нь вирус хүн амын дунд хэрхэн тархдаг, хүүхэд зэрэг бага эрсдэлтэй бүлэг өвчний тархалтад ямар үүрэг гүйцэтгэж буйг тогтооход ч тустай. БНХАУ өвчний тархалтын хэмжээг дарж мэдээлсэн хэмээн АНУ-ын тагнуулын албаны шүүмж хүлээгээд буйн зэрэгцээ цар тахлын статистиктаа удаа дараа өөрчлөлт оруулсан нь дотооддоо төдийгүй гадаад улсуудын эргэлзээ сэжгийг ихэсгэх шалтгаан болсон юм. Сорил шинжилгээ хийлгэж амжилгүй гэртээ эндэж, ачаалалтай эмнэлгүүдэд хожуу бүртгэгдэгсдийг оролцуулаад нийт 1,200 орчим хүнийг өнгөрсөн долоо хоногт тус улс цар тахлаар нас барагсдын албан ёсны статистиктаа нэмж орууллаа. Цар тахлын халдварын үнэн бодит хэмжээг тодорхойлох нь Хятадын эдийн засгийг дахин нээлттэй болгоход чухал үүрэгтэй. БНХАУ-ын эдийн засгийн статистик эртнээс эргэлзээ төрүүлсээр ирсэн ч коронавирустай холбогдох тохиолдолд албан ёсны тооцоо бодит байдлаас доогүүр байх нь дэлхий даяар нийтлэг. Нью-Йорк хот саяхан статистиктаа урьд нь тооцоогүй 3,700 хүний эндлийг нэмж орууллаа. Дэлхийн өөр бусад улс орнууд ч статистиктаа өөрчилж оруулж таарна хэмээн НҮБ үзэж байна.
Засгийн газрын мэдээ