Монгол улсад дахин нэг хүнээс коронавирус илэрч, батлагдсан 16 тохиолдол боллоо

ЭМЯ-аас коронавирусын халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 7-нд улсын хэмжээнд коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүнээс халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д байгаа 14 хүнээс коронавирусын халдвар илрээгүй.
Харин гуравдугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө хойд хилээр орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусын халдварын 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ” гэв. Тухайн иргэнээс гуравдугаар сарын 28-ны өдөр авсан анхны шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 7-8нд шилжих шөнийн шинжилгээнээс коронавирусын халдвар илэрчээ. Тиймээс хяналтад байгаа хүмүүсийг тэвчээртэй, хянамгай хандах хэрэгтэйг онцоллоо.
Мөн түүнчлэн “Авиган” хэмээх коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас захиалан авчирж ХӨСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн сайхан мэдээг дуулгалаа. Энэ эм нь коронавирусийн эсрэг хэрэглэх хамгийн сүүлийн эм ажээ.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 15тохиолдол:
  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн буюу 12 дахь тохиолдол болсныг гэж   2020 оны гуравдугаар сарын 28-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.04.01-ны өдөр тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.
Fact.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан