Иран улсад коронавирусний халдварын тархалттай тэмцэхэд нь зориулан хоёр сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж санал болгохоор төлөвлөж байна гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.
“БНСУ-ын Засгийн газар “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үйл ажиллагаандаа дэмжлэг хүссэн Иран тэргүүтэй 14 улсад зургаан сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасан” гэж уг төлөөлөгч мэдээлсэн байна.
Сөүлээс Иран руу энэ долоо хоногт полимеразын гинжин урвалын хоёр аппарат, 500 халдваргүйжүүлэгч илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд “COVID-19”-ийн оношлууруудаар хангах боломжийг мөн судалж байгаа ажээ.
Иранд халдвар авсан, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид гадаадын орнуудаас, ялангуяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан тусламж хүсэж байгаагийн зэрэгцээ АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг шүүмжилж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иран болон бусад улс орны эсрэг авсан арга хэмжээнүүдийг коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зөөлрүүлэх боломжийн талаар энэ долоо хоногийн эхээр цухас дурджээ.
"Иранд мягмар гаргийн байдлаар 44606 хүн халдвар авч, 2898 хүн нас барсан" гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд мэдээлсэн юм.
БНСУ-ын тусламжийг хүлээн авах 14 оронд Азийн тав, Төв, Өмнөд Америкийн гурав, Африк, Ойрхи Дорнодын зургаан орон багтаж байгаа бөгөөд тэдгээр орны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэргийн яамны төлөөлөгч өгөөгүй байна.