Коронавирусээс сэргийлэх вакцины туршилтыг АНУ дөрөвдүгээр сард эхэлнэ

Д.ЭНХЭЭ 
Америкийн эм бэлдмэлийн Moderna компани шинэ коронавирусын эсрэг шуурхай гаргаж авсан вакциныг АНУ-ын Засгийн газарт илгээсэн бөгөөд клиникийн туршилтыг дөрөвдүгээр сард эхлүүлэх ажээ.
“Коронавирусээс сэргийлэх mRNA-1273 вакцины эхний хэсгийг компани үйлдвэрлэн гаргасан. Вакцинтай ампулыг Харшлын болон халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд (NIAID) илгээсэн” хэмээн үйлдвэрлэгчийн танилцуулгад дурджээ.
Цоо эрүүл 20-25 сайн дурынхны оролцоотойгоор вакцины клиникийн туршилтыг дөрөвдүгээр сарын сүүлчээр хийхээр төлөвлөж байгаа талаар NIAID-ын захирал Энтони Фосигийн хэлснийг эшлэн Wall Street Journal сонин мэдээлэв. Туршилтын эхний үр дүн долоо, наймдугаар сард тодорхой болох аж. Вакциныг богино хугацаанд гаргаж авсан талаар хүрээлэнгийн тэргүүн онцлов.
“Генетик дарааллыг (вирусын) нь тайлснаас хойш гуравхан сарын дараа туршилтын эхний шатанд шилжиж байгаа нь ийм төрлийн судалгааны хувьд дэлхийн рекорд юм” хэмээн тэр хэлэв.
Хятадын төв хэсгийн (Хубэй муж) Ухань хотод уушигны үл танигдах хатгалгаа дэгдсэн талаар Хятад улсын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд мэдээлсэн билээ. Уг өвчнийг үүсгэгч нь шинэ коронавирус болохыг мэргэжилтнүүд тогтоосон. Энэхүү дэгдэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээний онцгой нөхцөл байдал хэмээн хүлээн зөвшөөрч, уг өвчнийг COVID-19 хэмээн албан ёсоор нэрлэсэн. Эх газрын Хятадад халдвар авсан хүний тоо аль хэдийн 77 мянгыг давж, 2704 хүн нас барж, 27 мянга гаруй хүн эдгэрчээ. Хятадаас гадна өөр бусад улсад халдвар авсан хүний тоо ДЭМБ – ын баримтаар 2069 болж, 23 хүн нас баржээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан